Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байгааг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдэд дүгнэлт хийсэн шинжээч УИХ-ын ерөнхий хяналтын сонсголд танилцууллаа. Тэр дундаа нийслэлийн ИТХ-ын 19 төлөөлөгч 3 болон түүнээс дээш ТУЗ-д оржээ. Тэд 65 ТУЗ-д дарга, гишүүний давхар дээлтэй аж.
10 төлөөлөгч нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Үүн дээрээ нэмээд бусад байгууллагын ТУЗ-ийн дарга, гишүүн болж, шийдвэр гаргахад нь оролцож байна. Энэ нь хэдхэн хүнд эрх мэдлийг төвлөрүүлж, нийслэлийн ИТХ-ыг хараат бусаар ажиллах боломжгүй болгон, ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг шинээч онцоллоо.
УИХ-ын Төсвийн байнгын хороо “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын үеэр өчигдөр ИТХ-ын төлөөлөгчдийг засаг даргаас хараат бус байлгах асуудлыг хөндөв. Тухайлбал: УИХ-ын гишүүн П.Ганзориг “Өнөөдрийн сонсголыг үр дүнтэй болгохын тулд учир шалтгааныг нь шийдэхгүй бол болохгүй. ИТХ-ын төлөөлөгч нарт бие даасан, хараат бус байх, засаг даргад хяналт тавих боломж олгохгүй бол засаг даргаас хараат төлөөлөгч яаж шийдвэр гаргах юм. Ийм хяналт байхгүйгээс төсөв зах замбараагүй тэллээ” хэмээсэн юм.
Нийслэлийн өмчит, өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид байдаггүй 2-хон төлөөлөгч байна. Бусад нь бүгд 1-5 дээл давхар нөмөрч, нийслэлийн засаг даргын удирдлагад ажилладаг болжээ. Засаг даргад хяналт тавих үүрэгтэй төлөөлөгч ингээд албан тушаал, цалин мөнгөөр дамжин, атганд нь орчихсон байна.
5 компанийн ТУЗ-д дарга, гишүүнээр ажилладаг төлөөлөгч:
- Г.Батзориг -Эрчим хүчний төслүүдийг хариуцсан зохицуулагч, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан
- Т.Даваадалай – Нийслэлийн засаг даргын I орлогч асан
4 компанийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажилладаг төлөөлөгч:
- А.Амартүвшин – нийслэлийн агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч, нийслэлийн засаг даргын орлогч асан
- С.Даваасүрэн – Багануур дүүргийн засаг даргын орлогч,
- Т.Батцогт – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
- З.Төмөртөмөө – “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал
3 компанийн ТУЗ-д дарга гишүүнээр ажилладаг 13 төлөөлөгч:
- Д.Ихбаяр – Нийслэлийн ИТХ-ын дарга
- Л.Ариунтуяа – нийслэлийн замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч
- Ж.Батбаясгалан – Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
- Ц.Баттөр – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
- Ч.Батзориг – Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
- Б.Мөнхбат – Нийслэлийн засаг даргын I орлогч
- Ч.Мэндбаяр – Улаанбаатар хотын ерөнхий менежер, “Орон сууц, нийтийн аж ахуйн газар” ОНӨААТҮГ-ын дарга
- Б.Мягмар – “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал, нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
- Т.Отгонболд – Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч
- Б.Сэмжидмаа – Нийслэлийн төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч
- Б.Хуягбаатар – “Зорчигч тээвэр-1” ӨНӨААТҮГ-ын захирал
- Э.Энхтөр – “Зорчигч тээвэр-2” ӨНӨААТҮГ-ын захирал
- Л.Хосбаяр – Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдол хариуцсан орлогч асан.
Нийслэлийн өмчит компанийг удирддаг атлаа бусад компанийн ТУЗ-д давхар ажилладаг төлөөлөгч:
- ОСНААГ, ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр– НОСК ХК, “Зорчигч тээвэр-2”, “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ
- “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар-Геодез, усны барилга, байгууламжийн газар, Гэрлэх ёслолын ордон, “Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ
- Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд – “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ
- “Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн захирагч Д.Отгонсүрэн – “Улаанбаатар спорт менежмент” ХК
- “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө – “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам” ХК, УБХХК ХК, “Зорчигч тээвэр-1” ӨНӨААТҮГ
- “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа – “Улаанбаатар смарт карт” ХХК, “Гэрлэх ёслолын ордон” ӨНӨААТҮГ
- “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Хулан – “Олон улсын худалдаа, ложистикийн төв” ХК, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ӨНӨААТҮГ
- “Зорчигч тээвэр-1” ӨНӨААТҮГ-ын захирал Б.Хуягбаатар – “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК, “Багануур үйлдвэрлэл технологийн парк” ХК
- “Зорчигч тээвэр-2” ӨНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөр – НОСК, “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ХК, “Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” ӨНӨААТҮГ
