Туул гол дагуу хурдны зам барих тендерт “Чайна хувэй групп лимитэд” гэх компани шалгарсан гэдэг. Тус компанийн БНХАУ-д бүртгэлтэй “Хаоюань групп” компани 2025.08.21-нд “Хаоюань женерал констракшн” гэх ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулжээ. “Хаоюань женерал констракшн” ХХК Туулын хурдны замыг барьж байсан юм.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Туулын хурдны зам” төслийн тендерийг хуулийн дагуу шалгаруулсан эсэхийг хянасан дүнгээ УИХ-ын ерөнхий хяналтын сонсголоор танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт 4 компани оролцсон. Үүнд:
Үүнээс “Чайна хувэй групп лимитэд”, “Тяньжин OBW” компанийн түншлэл шалгарсан. “Чайна хувэй групп” компани Ангол улсын иргэний барилга, нийтийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл ирүүлжээ.
“Тяньжин OBW” компани уг тендерт тусгай зөвшөөрлөө нотлох баримтаа ирүүлээгүй. Оронд нь Серби улсад 2024.10.04-нд үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан “Белград OBW” гэх барилгын компанийн тусгай зөвшөөрлийг ирүүлсэн байна. “Белград OBW” компанийн нэрийг “OBW барилгын компани” болгон өөрчлүүлэхээр “Тяньжин OBW” компани Серби улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргажээ. “Тяньжин OBW” компанийн ирүүлсэн баримт бичгийн эх хувьд “OBW гранджа дүү Београд-Нови Биоград” гэсэн компанийн нэр байгаа. Харин тус компаниас ирүүлсэн орчуулгад “OBW”, “Белград-Шинэ Белград” гэж бичсэн байна. Ийн тус компанийн нэр зөрж байна.
Тендерийн дагуу оролцогчид гэрээгээ хэрэгжүүлэх 1 гишүүн томилох ёстой. “Тяньжин OBW”, “Чайна Хувэй групп” компанийн түншлэл 2025.06.09-нд байгуулсан гэрээнийхээ дагуу Монгол Улсын нийслэлийн ЗДТГ-аас зарласан тендерт түншлэл болж оролцсон ч гэрээг хэрэгжүүлэх, нийслэлийн ЗДТГ-ын өмнө Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх, ажлаа хариуцах 1 гишүүнээ томилоогүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.2.3 дахь заалтыг зөрчжээ.
“Тяньжин OBW” компани, “Чайна Хувэй групп” компанийн түншлэлийн өмнөөс худалдааны менежер Д.Золбоо tender.gov.mn-д 2025.06.27-ны 01:19:33 цагт тендерийн баримт бичгийг цахим тоон гарын үсгээр баталгаажуулан илгээжээ. Д.Золбоод уг түншлэлийг төлөөлөх эрх олгосон баримт байхгүй. Тус түншлэлийг Д.Золбоо итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэйг нотлох нотолгоо байхгүй. Тус түншлэлийн захирал нь тийм нотолгоо ирүүлээгүй байна.
