Ц.Сандаг-Очир: “Рэдбулкан” нөхөн сэргээлт хийсэн гэж байгаль орчны байцаагч худал маягт бөглөсөн байна


Засгийн газрын хуралдааны дараа БОУАӨ-ийн сайдаас дараах мэдээллийг тодрууллаа.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:

-Манай салбарын хяналт Сэлэнгэ амйагт ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт бүтэн ажиллалаа. Энэ 7 хоногт үр дүнгээ Шадар сайдад танилцуулна.

Өнөөдрийн байдлаар “54 мянган га газар нутаг эвдэрсэн байна” гэдэг судалгаа гарлаа. 2030 он хүртэл орон нутаг, хувийн хэвшил, лиценз эзэмшигч нартай хамтран нөхөн сэргээнэ. Лиценз олонтой Төв, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Архангай аймаг онцгой анхаарал татаж байгаа. “Манай аймагт ирж ажиллаач, хянаж шалгаач” гэсэн хүсэлт их ирж байгаа.

-Заамарын хүүхэд унасан цооногийг булсан уу?

-Төв аймгийн Заамар сумын тэр цооног 2022 оны хайгуулын цооног юм байна. Заамар сумын байгаль орчны байцаагч “Рэдбулкан” компани нөхөн сэргээлт хийсэн гэж худал маягт бөглөсөн. Нөхөн сэргээлт хийлгүүлсэн гэж гарын үсэг зурж, хуурамч материал бүрдүүлсэн байна. Үүний цаана тухайн компанитай манай байцаагч хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй тул АТГ-аар шалгуулж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг сэргээх шаардлагатай юу?

-Байгаль орчны байцаагч нар хаанаа ч хүрэхгүй байна. Займар гэх 1 суманд 110 лиценз байна. Үүнийг өдөр тутам хянахад хүн хүч дутагдалтай байна.

-Дарамт шахалт ирж байна уу?

-Хууль бус үйл ажиллагаа явуулсных нь дараа арга хэмжээ авч, тоног төхөөрөмжийг нь лацадсаны дараа манай байцаагчид руу утасдах, янз бүрээр дарамтлах, хэл амаар доромжлох асуудал үүсэж байна. Над руу ч гэсэн “Энэ компанийн үйл ажиллагааг битгий зогсоогооч” гэж мэр сэр хандсан асуудал бий. Уул уурхайн бизнесийн ард дандаа хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс цаана нь байдаг юм байна. Тэднийхээ нэрийн доор зоригтой, Монгол Улсын хуулийг мөрдөхгүй, усны гэрээ, байгаль орчны үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Уул уурхайн бүх компани ийм биш. Одоо манай улсыг уул уурхайн салбар авч явж байгаа нь үнэн. Хариуцлагатай уул уурхайн компани маш олон байна. Байгаль орчны нөхөн сэргээлтээ жил бүр хийгээд, модоо тарьсан компаниудтай юм ярихгүй ээ. Манай яам хөгжил гацаадаг, тээг саад болдог яам биш.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *