Сурагчдын гэрийн даалгаврын ачаалал Монголд болон бусад улсад


Жилийн турш эрдэм номд шамдан суралцсан хүүхдүүдийн хувьд зуны амралт гэдэг тархиа сэргээж, шинэ хоббитой болж, зуныг зугаатай өнгөрүүлэх үе нь байдаг.  Гэвч “Зуны амралтын даалгавраа хийж амжих болов уу”, “хичээл орохоос өмнө амжуулна даа” гэх зэргээр сурагчид зуны амралтаа зугаатай өнгөрүүлэхээс илүүтэй даалгавартаа санаа зовниж эхлэх нь бий. Дээрх асуудалтай зөвхөн сурагчид ч гэлтгүй зарим эцэг эхчүүд ч нүүр тулна.  Тэд “Хүүхдүүд амраахгүй их даалгавар өгөх юмаа”, “Бага ангийн хүүхдүүд хэт их даалгавар өгөхөөр хичээлдээ дургүй болох, залхах шинжтэй болж байна” гэх зэргээр ярьцгаадаг. Тэгвэл гэрийн даалгаврын ачаалал манай улсад болон гаднын улсуудад ямар байдаг, тэд сурагчдын амралтын даалгаврыг хэрхэн зохицуулдаг талаар “Бид & Тэд” буландаа онцолж байна. 

Монгол Улс: Олон улсын жишгээс 2.3 дахин их ачаалалтай

Хэт их гэрийн даалгавар нь зарим сурагчдын хувьд залхах, хичээлдээ дургүй болох зэрэг сөрөг үр дагаврыг бий болгодог.

Энэ талаар боловсролын судлаачид тоон баримтаар нарийвчлан тогтоожээ. Тодруулбал, доктор Б.Оюунцэцэг “Бага сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгаа” гэх суурь судалгааны төслөөр 715 багш, 1492 эцэг эх, 2443 сурагчийг хамруулан бодит байдлыг тандсан байна.

Ингэхэд Монголд бага ангийн сурагчдын гэрийн даалгавар хийх хугацаа олон улсын жишгээс даруй 2.3 дахин их байгаа бөгөөд сурагчид өдөрт дунджаар 2-3 цагийг даалгаварт зарцуулдаг аж. Олон улсын стандартаар бол нэгдүгээр ангийн хүүхэд өдөрт 10 минут, хоёрдугаар анги 20 минут, гуравдугаар анги 30 минутын хугацаатай даалгавар хийх ёстой байдаг.

АНУ-ын Дьюкийн их сургуулийн профессор Харрис Купер ч анги дэвших бүрд даалгаврын цагийг 10 минутаар нэмэх нь хамгийн тохиромжтой гэж үзсэн байдаг. Гэтэл манайд нэгдүгээр ангийн сурагчид л гэхэд долоо хоногт ордог найман төрлийн хичээлийнхээ зургаагаас нь даалгавар авч, нэг хичээлийн даалгаварт 30-60 минут зарцуулж байна. Энэ нь “ЕБС-ийн үлгэрчилсэн дүрэм”-д зааснаас 3-4 дахин их ачаалал бөгөөд хүүхдийн тоглож наадах чөлөөт цагийг хязгаарлаж, сурах урмыг нь сулруулах, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байгааг судлаачид дүгнэжээ.

Иймд манай улсад хичээл орсон багш бүр даалгавар өгөх нь түгээмэл бөгөөд ялангуяа шалгалтын үеэр хүүхдүүдийн ачаалал эрс нэмэгддэг байна.

Япон: Сурагч олон хуудас даалгавар хийх нь чухал биш, харин даалгавраас юу ойлгож авсан нь хамгийн үнэ цэнтэй

Боловсролын системээрээ тэргүүлдэг улс орнууд гэрийн даалгаврын ачаалал, агуулгад дараах байдлаар өөр өөр үзэл баримтлалаар ханддаг байна.

Япон улс бол дэлхийд боловсролын чанараараа дээгүүрт эрэмбэлэгддэг орон. Тэд сурагчдаа олон хуудас даалгавраар дардаггүй. Японы сургуулиуд гэрийн даалгавар тогтмол өгдөг ч тэдгээр нь ихэвчлэн хүүхдийг бие даан суралцах чадварт сургахад чиглэдэг аж. Ном унших, байгалийн болон нийгмийн ажиглалт хийх, сурагч өөрөө бие даан мэдээлэл хайж боловсруулах, хувийн тэмдэглэл хөтлөх зэрэг бүтээлч даалгавар түгээмэл өгдөг байна.

Багш нарын хувьд сурагч даалгавраа хэдэн хуудас дамнуулан хийсэн нь чухал биш, харин тэрхүү даалгавраас юу ойлгож авсан нь хамгийн үнэ цэнтэй байдаг аж. Тэд “сайн сурагч” гэдгийг бэлэн зөв хариулт цээжилдэг хүүхэд биш, харин өөрөө суралцах арга барилаа олсон хүүхдийг хэлнэ гэж үздэг байна.

Казахстан: Гэрийн даалгаврын ачааллыг бууруулах журам баталсан

Манай улстай газарзүй, түүх, нийгмийн нөхцөл байдлын хувьд нэлээд төстэй Казахстан улс сүүлийн жилүүдэд боловсролын шинэчлэлийг туйлын эрчимтэй хэрэгжүүлж байна. Тэд гэрийн даалгаврын агуулга, бүтцийг үндсээр нь шинэчилж, хүүхдийг зөвхөн мэдсэн зүйлийг нь давтуулах биш, харин асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх, багаар ажиллах чадварт сургахыг зорих болжээ.

Түүнчлэн бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг бууруулах журам баталжээ. Тэдний гол зарчим бол “Даалгаврын хэмжээ, тоо чухал биш. Сурагч түүгээр дамжуулж ямар чадвар эзэмшиж байгаа нь л чухал” гэж үздэгт оршино. Тиймдээ ч Казахстан улс бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн агуулгын өөрчлөлтийг хийж байна.

Финлянд: Долоо хоногт дунджаар гурван цагийг гэрийн даалгаварт зарцуулдаг

“Тоо хэмжээг чанартай харьцуулах” үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг тус улсад цөөхөн цагийн хичээл орж, бага даалгавар өгдөг. Финляндын суралцагчид долоо хоногт дунджаар ердөө гурван цагийг гэрийн даалгаварт зарцуулдаг. Мөн бүтээлч тоглоомоор суралцахуйг дэмждэг ч Олон улсын үнэлгээний хөтөлбөр (PISA)-өөр тогтмол өндөр оноо авдаг байна.

БНСУ: Их хэмжээний гэрийн даалгавар өгч, шалгалт, өрсөлдөөнд сурагчдаа бэлтгэдэг

Өмнөд Солонгосын боловсролын тогтолцоо дэлхийд хамгийн хатуу, өрсөлдөөнтэйд тооцогддог. Их сургуулийн элсэлтийн шалгалт нь хүүхдийн ирээдүйн амьдралыг шууд шийддэг учраас сурагчид зөвхөн сургуулиас өгсөн даалгавраар хязгаарлагдана гэж үгүй. Олон сурагч сургуулиа тармагц оройн цагаар нэмэлт сургалт, хагвон буюу давтлага сургалтад хамрагдаж, шөнө дөл болтол номтой нөхөрлөдөг. OECD-ийн судалгаагаар ч Солонгос сурагчдын хичээлийн ачаалал олон улсад дээгүүрт ордог нь батлагджээ.

Б.ХУЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *