Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийн нөхрийг цагдан хорьжээ


Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг шалгаж буй. Үүнтэй холбоотойгоор түүний нөхөр Б.Өсөхбаярыг цагдан хорьжээ.

Ч.Төгсдэлгэрийг гарын үсгээ 50 сая төгрөгөөр үнэлдэг байсан тухай нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж олон нийтэд мэдээлж байлаа. АТГ, ТЕГ, ЦЕГ-ын мөрдөгчдийн ажлын хэсэг түүнийг шалгаж эхэлснээр Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авсан юм. Харин нийслэлийн шинэ засаг дарга Б.Пүрэвдагва түүнийг уг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаярыг томилоод байна.

Нийслэлийн 24 мега төслийг шалгах ажлын хүрээнд 8 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 3 хүнийг цагдан хориод байгаа тухай АТГ-ын дэд дарга Г.Азжаргал УИХ-ын хяналтын ерөнхий сонсголд танилцуулсан. АТГ, ТЕГ, ЦЕГ-ын мөрдөгчдийн ажлын хэсэг банкны 30 дансны 2.6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг хязгаарласан байна. 24 төслийн 11-д нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөлд тодорхой хэмжээний санхүүжилт олгогдсон байгаа аж.

Улаанбаатар хотын ерөнхий архитектороор Чинбатын Төгсдэлгэрийг томилсон тухайгаа нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар 2024.08.09-нд олон нийтэд мэдээлж байв. Ч.Төгсдэлгэрийг танилцуулахдаа “Z” үеийн төлөөлөл гэдгийг Х.Нямбаатар онцолсон юм.

Ч.Төгсдэлгэр “Шинэ Монгол” сургуулийг төгсөж, Ёокохамагийн Үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалжээ. Тэр хот төлөвлөгч, хотын нийтийн тээвэр судлаач. Өмнө нь нийслэлийн ЗДТГ-т ажиллаж байгаад, хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр Япон улсын томоохон компаниудад ажиллажээ. Хамгийн сүүлд Токио дахь Дэлхийн банкинд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байгаад, Х.Нямбаатарын урилгаар ирсэн байдаг.

Ч.Төгсдэлгэр “Төрөлх хотоо өөрчилж, алдааг нь засахад сурсан мэдсэнээ зориулъя гээд ирсэн. Би иргэн хүнийхээ хувьд “Залуучууд ажиллаж байж өөрчлөлт авч ирнэ” гэдэгт итгэдэг. Энэ ажлыг хариуцлагатайгаар, хичээнгүй хийх болно. Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, байгальд ээлтэй, байгалийн гамшигт тэсвэртэй аюулгүй байх ёстой” гэсэн юм.

Гэсэн ч түүнийг АТГ эдүгээ нийслэлийн мега төслүүд, төсөвтэй холбогдуулан шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *