Шинэхэн 4 гишүүнтэйгээр СЕХ сонгууль хийхээр болов


Сонгуулийн ерөнхий хороо даргагүй, бүрэн эрхтэй 4 гишүүнтэй 6 сар болов. Хагас жил гэсэн үг. Ийм байдалтайгаар тус хороо 2026.06.21-ний ням гарагт аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль хийх шахав. 16 аймаг, 43 сумын 73 хэсгийн санал авах байранд сонгогчдын саналыг авна. Үүнийг ангилбал  аймгийн ИТХ-ын 9 мандатын төлөө 5 аймгийн 9 сумын 29 хэсэгт нөхөн сонгууль болно. Сумын ИТХ-ын 39 мандатын нөхөн сонгуулийг 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт зохион байгуулна.

Үүнээс урьтаж УИХ өчигдрийн чуулганаар СЕХ-ны хугацаа нь дууссан 4 гишүүдийг чөлөөлж, шинэ гишүүдийг томиллоо. Үүгээр СЕХ 8 гишүүнтэй болов. Уг нь тус хороо 9 гишүүнтэй байдаг.

Хугацаа нь дуусаад 6 сар болсон гишүүд:

  1. Төрийн албаны зөвлөлийн гишүүн байсан О.Амгаланбаатарыг 2020.01.08-наас СЕХ-ны гишүүнээр томилжээ. Түүний ажиллах хугацаа 2026.01.07-нд дууссан байна.
  2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Баасандорж 2020.01.08-ны өдрөөс СЕХ-ны гишүүнээр ажиллаж байна. Тэр тус хорооны гишүүний зэрэгцээ 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2023-2024 онд ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, 2024-2025 онд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар давхар ажиллаж байв. Түүний СЕХ-ны гишүүнээр ажиллах хугацаа 2026.01.08-нд дуусжээ.
  3. ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг 2020.01.08-нд СЕХ-ны гишүүнээр томилжээ. Түүний ажиллах 6 жилийн хугацаа 2026.01.07-нд дууссан байна.
  4. Д.Баяндүүрэн 2006-2023 онд СЕХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа 2020.01.08-нд СЕХ-ны гишүүнээр томилогджээ. Тэр 2023 оноос тус хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын даргаар давхар ажиллаж байгаа аж. Түүний гишүүний 6 жилийн хугацаа 2026.01.07-нд дуусжээ.

Тэдний оронд томилогдож буй гишүүд:

  1. Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Дашживаагийн Ариунболд. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр дэвшүүлсэн байна.  
  2. ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Жамсранжавын Болд. Түүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшүүлэв.
  3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Довдонгийн Давааням. Түүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшүүлэв.
  4. Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Доржсүрэнгийн Мөнхзориг. Түүнийг Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн.  

Дээрх хүмүүсийн намтрыг харвал Д.Мөнхзоригоос бусад нь цагдаа. СЕХ-ны 8 гишүүний 4-ийнх нь хугацаа дуусаад 6 сар болсны дараа ийн чөлөөлж, орны гишүүдийг нь томиллоо. СЕХ-ны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай УИХ-ын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болдог. Удахгүй 2 гишүүнийх нь хугацаа дуусна.

2 сарын дараа хугацаа нь дуусах гишүүд:

  • П.Дэлгэрнаран 2025.12.18-нд СЕХ-ын даргын үүрэгт ажлаа сайн дураар өгч, ГЕГ-ын даргын албан тушаалд томилогдсон. Түүнээс хойш СЕХ-г тус хорооны гишүүн, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир удирдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Даваа-Очирыг 2020.08.28-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгосноор СЕХ-ны гишүүнээр томилжээ. 2026.08.27-нд түүний ажиллах хугацаа дуусна.
  • 2009 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Түвшинжаргал 2020.08.28-нд СЕХ-ны гишүүн болжээ. Түүний томилогдсон хугацаа 2026.08.27-нд дуусна.

СЕХ-ны гишүүдийн 2 нь орон тооны, 7 нь орон тооны бус байдаг. Дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны, бусад нь орон тооны бус. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний 5-ыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 2-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч, 2-ыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг гишүүд дотроос нь томилдог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *