Дорнод аймгийн ХХААГ-ын мэдээгээр 2025 онд үхрийн 57 мянган шир бэлтгэжээ. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн арьснаас гадна иргэд, малчдын гар дээрх хэдэн мянган арьс, шир чанарын шаардлага хангахгүй, технологийн алдаанаас болж үнэ цэнгүйдэн хаягддаг. Үүнийг өөрчлөхийн тулд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид, салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, дундын оролцоотойгоор шийдэх гарцыг ХХААХҮЯ олжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Хэнтий аймгийн төвд 2026.06.20-нд, 2026.06.21-нд Дорнод аймгийн төвд түүхий эд бэлтгэх цэг нээлээ. Эдгээр цэгийг нээх үеэр арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд хамтран ажиллах гэрээ байгуулав.
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, МАШҮХ болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн гурван талт гэрээ, хамтын ажиллагааны хүрээнд арьс ширний түүхий эдийн арилжааг зохион байгуулж, малчдын гар дээрээс болон мал нядалгааны цэгүүдээс арьс, шир худалдан авна. Улмаар анхан шатны боловсруулалт хийсний дараа боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэх юм.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, стандартын шаардлага хангасан түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад нээж байгааг онцлов. Мөн арьс, ширний үйлдвэрүүд сайн чанарын арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд гадаадаас түүхий эд авахад хүрч байгааг духдаад малаа эрүүлжүүлж, тарилга, туулгад хамруулснаар малын гаралтай түүхий эдийн чанар сайжирч, үнэ цэн нь өснө. Үүнийг дагаад малчдын орлого нэмэгдэнэ. Үүний нэг эхлэл нь түүхий эд бэлтгэлийн анхан шатны төвүүд юм гэдгийг хэллээ.
УИХ 2024 онд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хүрээнд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэлт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгагдсан.
