С.Наранцогт: Газрын тос, цахилгааны үнэ өссөн нь инфляцыг нэмэгдүүлж байна


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 6 дугаар сарын ээлжит хурлын шийдвэрээ өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд мөнгөний бодлогын асуудлаар ээлжит хурлыг хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах гадаад болон эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Үүнд:

• Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь глобал орчинд инфляцыг нэмэгдүүлж байна. Газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн дэлхийн зах зээлд хүнсний үнэ, тээврийн өртөг, бусад барааны үнэ өсөх эрсдэл үүсээд байна.

• Сүүлийн өдрүүдэд зах зээлд эерэг мэдээлэл гарч, газрын тосны үнэ буурч байгаа хэдий ч хурцадмал байдал хэдий хугацаанд бүрэн намжиж, газрын тосны тээвэрлэлт хэвийн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байгааг онцолъё.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц 5 дугаар сард улсын хэмжээнд 11.2 хувьд хүрлээ. Энэ оны 1 дүгээр улиралд 7.1 хувьд хүрээд байсан инфляц сүүлийн 2 сард 4.1 нэгж хувиар нэмэгдлээ. Үүний 2.6 нэгж хувийг хүнсний үнийн өсөлт, 0.7 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт тус тус тайлбарлаж байна. Харин уул уурхайн бус дийлэнх салбарын идэвхжил сул байгаа, мөнгөний болон макро зохистой бодлогын төлөв хатуу байгаа нь суурь инфляц харьцангуй бага түвшинд байхад нөлөөлж байна.

Цаашид инфляц 6, 7-р саруудад 12 хувийн орчимд хүрч эрчимжих боловч 8-р сараас мах, ногооны нийлүүлэлт нэмэгдэхтэй зэрэгцэн буурна гэсэн хүлээлттэй байна. Шатахууны дотоод үнийн хувьд энэ оныг дуустал тогтвортой байна гэж тооцсон. Гадаад орчинд нөхцөл байдал сайжирч, дотоод орчинд нэмэлт нийлүүлэлтийн шок үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурч, ирэх онд зорилтот интервалд орж, тогтворжих төсөөлөлтэй байна.

Эдийн засгийн өсөлт 2026 онд эхний улиралд 7.9 хувьтай гарсан бөгөөд энэ онд эдийн засаг 5 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна. Эхний улиралд эдийн засгийн өсөлтийн 5 нэгж хувийг уул уурхай, 1.1 нэгж хувийг тээврийн салбар бүрдүүлж, өсөлтөд гол хувь нэмэр орууллаа. Харин бусад салбарууд нийтдээ өсөлтөд 1.8 нэгж хувийн нөлөө үзүүлсэн бөгөөд тэр дундаа худалдаа болон боловсруулах салбарын идэвхжил өмнөх оны мөн үеэс сул байна.

Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна. Энэ онд мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжих, ирэх оноос томоохон цахилгаан станцууд ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх зэрэг нь уул уурхайн бус салбарын идэвхжилийг дэмжихээр байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 186 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд зэс, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн экспорт нэмэгдсэн нь ашигтай гарахад голлон нөлөөллөө. Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй мөнгө, санхүүгийн бодлогын үр дүнд хэрэглээний импортын өсөлт саарлаа. Улмаар урсгал тэнцэл оны эхний 4 сард 311 сая ам.долларын ашигтай гарлаа.

Үүнээс гадна, банкнууд болон хувийн секторын гадаад санхүүжилтийн эх үүсвэр нь валютын цэвэр орох урсгалд дэмжлэг үзүүлж байна. Цаашид геополитикийн нөхцөл, түүхий эдийн үнэ, гадаад эрэлт болон төсвийн бодлого, дотоодын бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилт хэрхэн өөрчлөгдөхөөс эдийн засгийн төлөв ихээхэн хамаарна гэдгийг энд онцлон дурдъя.

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт сүүлийн нэг жил гаруй хугацаанд эрчимжиж, 5 дугаар сард 26.8 хувьд хүрлээ. Үүний, 17.8 нэгж хувийг төлбөрийн тэнцлийн ашигтай холбоотой банкны системийн гадаад цэвэр актив нэмэгдсэн нь тайлбарлаж байна. Зээлийн өсөлт сүүлийн улирлуудад алгуур саарсан нь хэрэглээний зээлийн өсөлт саарсантай холбоотой байна. Харин ипотекийн болон бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжихэд эерэг нөлөөтэй байна.

Суурь төсөөллөөр инфляц оны сүүлийн хагаст саарч, ирэх онд Төв банкны зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон Ойрх Дорнод, ОХУ, Украинтай холбоотой геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн шинжтэй үнийн дарамт удаан үргэлжлэх, эдгээрийн дам нөлөө хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.

Ийнхүү эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэл, тодорхой бус байдлыг харгалзан үзээд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Монголбанкны бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид эдийн засаг, инфляцын төлөв, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *