Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын дархан цаазат газарт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.5 хувь дэмжлээ.
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Их хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.06.26) Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүлж, гишүүдийн олонх ийнхүү дэмжлээ.
Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцтэй.
Монгол Улсад 494.3 тонн алтны нөөц бүртгэгдэж, алтны 597 тусгай зөвшөөрөл олгогдсоны 83 хувь нь шороон, 17 хувь нь үндсэн ордод хамаардаг байна. Үүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байршиж байгаа тул байгаль орчин, түүх, соёлын өвийн хамгаалалтыг эдийн засгийн үр өгөөжтэй тэнцвэртэй уялдуулсан шийдэл шаардлага үүсэн гэлээ. Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн болж буурсан бөгөөд 2026 оны эхний таван сарын алтны экспорт 2.5 тонн буюу өмнөх оны мөн үеэс 27 хувиар буураад байгаа аж.
Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 4 тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой.
Эрээн-Баавгайтын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 1 тонн орчим алт тушааж, 120-150 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх, Хөгжлийн банкны 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах эх үүсвэр бий болгох боломжтой юм байна.
