Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөр /2026.06.29/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 32 саналыг хэлэлцсэн юм.
Уг хуулийн төслийг өнөөдрийн /2026.6.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Төслийг баталснаар тэтгэвэр авч байгаа 500 мянга гаруй ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаасаа тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийг хамруулж, асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг тооцож, зөрүүг арилгах бодлогын шинэчлэлийг хийнэ гэж Засгийн газар тооцсон байна.
Хуулийн төсөлд заасан онцлох заалтуудаас дурдвал:
- Нийгмийн даатгалын сангийн зарлагыг бууруулж, хамрах хүрээг өргөжүүлэн олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоог бий болгох зорилгын хүрээнд тэтгэвэрт гарах нас хойшлуулсан жил тутамд дөрвөн хувийн нэмэгдлийг тооцох урамшууллын агуулгыг хуулийн төсөлд тусгасан байна.
- Түүнчлэн сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгох, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
- Мөн Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагчид хамааруулах, улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.
- Мөн анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох зохицуулалтыг тусгахаар зохицуулсан байна.
