АПУ ДЭЙРИ ХХК нь Монгол Улсын эдийн засаг, хүнсний үйлдвэрлэлийн салбарт оруулж буй бодит хувь нэмэр, тогтвортой өсөлт хөгжил, инновац шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үр дүнгээр Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа.
Энэхүү амжилт нь хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний сүүний үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх бидний тууштай зорилгын илэрхийлэл юм.
2025 онд АПУ Дэйри нь уламжлалт хэрэглээг шинэ түвшинд хүргэсэн “Их Нүүдэл” өрөмтдөг сүү, орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн “Creamy Milk” зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Мөн нийслэлийн 186,000 сурагчдад “Сайн” D амин дэмээр баяжуулсан сүү нийлүүлж, хүүхдийн эрүүл өсөлт хөгжил, зөв хооллолтыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулсан билээ.
Түүнчлэн бид дэлхийн сүүний үйлдвэрлэлийн тэргүүлэх технологи, инженерчлэлийг Монгол Улсад нутагшуулах зорилгоор 11 улсын инженер, мэргэжилтнүүдийн хамтын оролцоотой хэрэгжүүлж буй шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтаа дуусгах шатандаа хүрээд байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Монголын сүүний үйлдвэрлэлийн хөгжилд шинэ хуудас нээж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх боломж улам өргөжих юм.
Бидний энэ амжилтыг хамтдаа бүтээлцэж буй малчид, фермер түншүүд, харилцагч байгууллагууд, нийт ажилтан албан хаагчид болон бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэж, итгэл хүлээлгэдэг эрхэм хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
АПУ Дэйри ХХК нь цаашид ч инновац, чанар, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын сүүний салбарын хөгжлийг манлайлан ажиллах болно.
