“Jurassic World Rebirth” кино нээлтээ хийсэн эхний тав хоногтоо дэлхий даяар 322.6 сая ам.долларын орлого оллоо. Энэ оны хамгийн өндөр орлоготой нээлтүүдийн нэг болов. Үүнээс 147.8 сая ам.долларыг Хойд Америкийн зах зээлээс, үлдсэн 174.8 сая ам.долларыг олон улсын 82 улсын кино театраас бүрдүүлсэн байна.
Киноны гол дүрд Scarlett Johansson, Mahershala Ali, Jonathan Bailey нар тоглосон бөгөөд найруулагчаар Gareth Edwards ажиллажээ. Үйл явдал нь өмнөх “Jurassic World Dominion”-оос хэдэн жилийн дараах цаг хугацаанд өрнөж, үлэг гүрвэлүүдийн ДНХ-ийг ашиглан анагаах ухаанд хувьсгал хийх боломжтой генетикийн материалыг эрэн хайж буй багийн тухай өгүүлдэг.
Шинжээчдийн таамаглаж байснаас давсан энэхүү амжилт нь “Jurassic” цувралын зах зээлийн хүчийг дахин нотоллоо. Кино зөвхөн эхний амралтын өдрөөрөө үйлдвэрлэлийн ойролцоогоор 180 сая ам.долларын төсвийнхөө ихэнхийг нөхөж чадсан бөгөөд энэ оны дэлхийн кино зах зээлийн хамгийн хүчтэй нээлтийн нэгээр нэрлэгдлээ.
Гол дүрийн Scarlett Johansson дараагийн бас нэг амжилтын эзэн болж байна. Гол дүрд тоглосон кинонуудын нийт орлогоороо Холливудын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж эхэллээ.

