Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай нарын тэргүүтэй 1024 бөх барилдаж байна. Улсын гарди 5, улсын заан 16, улсын харцага 25, улсын начин 76 барилдаж байна. Улсын цолтой нийт 134 бөх нэгийн давааны барилдаанаа эхлүүлэв.
Нэгийн даваанд улсын цолтой 4 бөх уналаа. Улсын начин Ц.Анхбаяр, Б.Суманчулуун, Н.Даваасамбуу, Х.Цогтгэрэл нар сумын цолтой бөхчүүдэд өвдөг шороодлоо.
Харин улсын харцага Г.Батбаяр, улсын начин Б.Баатарцол нар барилдаагүй тул сумын начин Х.Амгаланбаатар, залуу бөх Г.Алтангэрэл нар нэг давлаа.
