АНУ-ын Төлөөлөгчдийн танхим батлан хамгаалахын 1.15 их наяд ам.долларын төсвийн төслийг баталлаа


АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 2027 оны санхүүгийн жилийн Үндэсний батлан хамгаалахын зөвшөөрлийн тухай хууль (NDAA)-ийн төслийг 216:212 саналаар баталлаа. Уг төсөл нь 1.15 их наяд ам.долларын батлан хамгаалахын зардлыг зөвшөөрч буйгаараа АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй цэргийн төсвийн нэг болж байна.

Санал хураалт намын шугамаар өрнөж, Бүгд найрамдах намын ихэнх гишүүн төслийг дэмжсэн бол Ардчилсан намын гишүүдийн дийлэнх нь эсэргүүцжээ. Ардчилсан намынхан нийгмийн халамжийн болон боловсрол, эрүүл мэндийн төсвийг танаж буй үед Пентагоны төсвийг ийнхүү их хэмжээгээр нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн байна. Мөн Ирантай холбоотой цэргийн ажиллагаа болон Израильтай батлан хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэх заалтуудыг эсэргүүцжээ.

Харин Бүгд найрамдах намынхан дэлхий дахины аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсан энэ үед батлан хамгаалахын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Төсөлд Ирантай холбоотой цэргийн ажиллагааны санхүүжилт, шинэ зэвсэглэл, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, зэвсэг техник худалдан авах хөрөнгө оруулалт, мөн цэргийн алба хаагчдын цалинг 7 хүртэлх хувиар нэмэгдүүлэх, цэргийн хотхон, орон сууцны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зэрэг заалтууд багтжээ.

Одоо уг хуулийн төслийг Сенат хэлэлцэн баталсны дараа хоёр танхимын эцсийн хувилбарыг Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *