Хиймэл оюуны салбарын өрсөлдөөн 2026 онд шинэ шатанд хүрч, Microsoft, Meta, Google, Amazon, OpenAI зэрэг компаниуд зөвхөн шинэ үйлчилгээ хөгжүүлэхээс гадна дата төвийн хүчин чадлаа урьд өмнө байгаагүй хэмжээгээр тэлж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, өрсөлдөөн одоо зөвхөн “хамгийн сайн AI загвар” бүтээх бус, түүнийг ажиллуулах дэд бүтцийн төлөөх өрсөлдөөн болж хувирчээ.
Сүүлийн саруудад компаниуд AI агент, код бичих, оффисын ажлыг автоматжуулах, зураг, видео бүтээх зэрэг шинэ үйлчилгээг эрчимтэй танилцуулж байна. Microsoft Microsoft 365 Copilot, GitHub Copilot болон Azure AI үйлчилгээгээ өргөжүүлж байгаа бол OpenAI Codex зэрэг программ хөгжүүлэлтийн шинэ хэрэгслүүдийг нэвтрүүлжээ. Meta мөн өөрийн хиймэл оюуны үйлчилгээг Facebook, Instagram, WhatsApp платформууддаа улам өргөн ашиглаж эхэлсэн байна.
Энэ өрсөлдөөнийг дагаад дата төвийн хөрөнгө оруулалт эрс өсжээ. Microsoft зөвхөн 2026 онд дата төв, AI дэд бүтцэд 190 тэрбум ам.доллар, Google 180–190 тэрбум ам.доллар, Meta 125–145 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн Meta, BlackRock хамтран Техас мужид 14 тэрбум ам.долларын өртөгтэй шинэ AI дата төв байгуулах төслийг эхлүүлээд байна.
Салбарын нийт хөрөнгө оруулалт ч хурдацтай өсөж байна. Судалгааны TrendForce байгууллагын тооцоогоор дэлхийн томоохон есөн үүлэн үйлчилгээний компанийн (Microsoft, Google, Amazon, Meta, Oracle зэрэг) 2026 оны нийт хөрөнгө оруулалт 830 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оноос бараг 80 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин Gartner-ийн тооцоолсноор дэлхийн хиймэл оюуны зах зээлийн нийт зарцуулалт энэ онд 2.59 их наяд ам.долларт хүрч, үүний 45 гаруй хувь нь AI дэд бүтэц буюу дата төв, сервер, чип, сүлжээний тоног төхөөрөмжид ногдох төлөвтэй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, хиймэл оюуны өрсөлдөөн цаашид зөвхөн шинэ үйлчилгээ бус, илүү олон GPU, илүү том дата төв, илүү их эрчим хүч, тооцоолох хүчин чадлыг хэн бүрдүүлж чадах вэ гэдгээр тодорхойлогдох болсон нь технологийн салбарын хөрөнгө оруулалтын шинэ чиг хандлага болж байна.
