Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн 7 дугаар багийн нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-000362 тусгай зөвшөөрөлтэй талбайд “нэр бүхий” ХХК элс угаах зориулалтын төхөөрөмж суурилуулан олборлолтын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчид 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр илрүүллээ.
Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хойшлуулшгүйгээр үйл ажиллагааг нь зогсоож, прокурорын тогтоолоор уг арга хэмжээг хүчинтэйд тооцуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна.
Мөн GPS төхөөрөмжөөр байршлын хэмжилт хийж, ArcGIS программд тулган шалгахад элс угаах төхөөрөмж нь MV-000362 тусгай зөвшөөрлийн талбайн гадна байрлаж байсан нь тогтоогдлоо. Иймд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналын хамт прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна. Ус ашиглахтай холбоотой хуульд заасан зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтийг бүрэн бүрдүүлж, зөвхөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй талбайн хил хязгаарт үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр үйл ажиллагааг шуурхай зогсоож, холбогдох хариуцлага тооцох болно.
