Ч.Өнөрбаяр: АН шүүхэд хандана. Хууль шүүхийнхэн арай ч МАН-ын хэлтэс болчихоогүй байх гэдэгт найдаж байна


Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг хуралд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Энхтуяа, Ардчилсан намын дэд Дарга Ч.Өнөрбаяр, Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцлоо.

Уг хурлаар үүсээд буй үнийн өсөлтийн дарамт, түлш шатахуунтай холбоотой цаг үеийн асуудал болон төрийн сонгуулийн үр дүн болон сонгогчдын эрхийг ноцтой зөрчсөн асуудлаар тодорхой байр суурь илэрхийлж, тодорхой шаардлагуудыг Ерөнхий сайд Н.Учралд тавилаа.

Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг хууль бусаар чөлөөлж, сонгогчдын эрхэд халдан төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан учир шүүхэд хандахаа мэдэгдэж, хууль шийдвэрээ буцаахыг шаардсан юм. Мөн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар Баян-Өлгий, Булган, Төв аймгууд дээр эрх баригчдын зүгээс үүсгэж буй эдгээр асуудлыг нэгтгэж шийдвэрлэх зорилготой ажлыг хэсэг байгуулагдлаа.

Хэрэв Ерөнхий сайд энэ хууль бус шийдвэрээ хүчингүй болоогүй тохиолдолд Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын зүгээс ярина гэдгийг мэдэгдэв.

АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр: Эрх баригчдын хүн нь солигдоод арга барил нь солигдохгүй юм байна. Иргэдийн сонголтыг хуулийн бус аргаар хулгайлдаг байдал үргэлжилж байна. Өчигдөр энийгээ гүйцэлдүүлээд Ерөнхий сайд АН-ын сонгуулиар ялсан цөөн аймгийн нэг Баян-Өлгий аймгийн Засаг даргыг халсан явдал юм. Гэтэл жинхэнэ хулгайч, худалч нар нь наад Засгийн газар дотор чинь байна.
АН шүүхэд хандана. Хууль шүүхийнхэн арай ч МАН-ын хэлтэс болчихоогүй байх гэдэгт найдаж байна.
Сайд нар нь иргэд олон нйттэйгээ нүүр тулж чадахаа байгаад агентлагийн дарга нараа өмнөө барьдаг болчихлоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *