“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хуралдаан боллоо.  

“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Тус төсөл ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана.

Төслийг “Сэлбэ ухаалаг хот” төлөвлөлтөд нийцүүлэн дахин загварчлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “сэндбокс” орчныг бий болгох бэлтгэл ажилдаа орохыг холбогдох албаныханд үүрэг болгов. “Сэлбэ ухаалаг хот”-ыг технологи, эдийн засгийн тусгай бүс болгох асуудлыг ирэх наймдугаар сарын 6-нд НИТХ-аар хэлэлцэнэ. Мөн тус төслийн орон сууцны метр квадратын үнийг хэрхэн бууруулах асуудлаар санхүүгийн олон төрөлт бүтээгдэхүүн санал болгохыг холбогдох албаныханд даалгав.

Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана

Хуралдаанаар 2026-2027 оны халаалтын улиралд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ жил 280 мянган тонн хагас коксон шахмал түлш импортолно. Өнөөдрийн байдлаар агуулахад 28 мянган тонн түлш байна. Нийслэлд 435 борлуулалтын цэг ажиллана.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2025-2026 онд шилжих өвөл 30 хүн угаартаж амь насаа алдсан. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Бид жилийн жилд ийм сэтгэл эмзэглүүлэм мэдээ сонсоод байж болохгүй. Тиймээс холбогдох албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаараарай. Иргэд угаартаж нас барсан шалтгаан нөхцөлийг дахин судалж, хянаж танилцуулахыг үүрэг болгож байна” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *