Cape Verde-ийн шигшээ багийн ахмад хаалгач Возинья (жинхэнэ нэр Жозимар Жозе Эворе Диаш) Чилийн дээд лигийн хүчирхэг клуб болох “Коло-Коло” багтай зургаан сарын гэрээ байгууллаа.
40 настай хаалгач даваа гарагт эмнэлгийн үзлэгт орсны дараа гэрээгээ баталгаажуулсан бөгөөд гэрээг нэг жилээр сунгах боломжтой аж. Тэрбээр наймдугаар сарын 16-нд “О’Хиггинс”-ийн эсрэг тоглолтод анхны тоглолтоо хийх магадлалтай байна.
Возинья 2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Кэйп Вердийн түүхэн амжилтад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тус жижиг арлын улс анх удаа дэлхийн аваргын тэмцээнд оролцож, хэсгийн шатанд дэлхийн аварга Испани болон хоёр удаагийн дэлхийн аварга Уругвайтай тэнцсэн. Улмаар хасагдах шатанд Аргентинд 0:1-ээр хожигдсон ч Возиньягийн гайхалтай хаалтууд дэлхий нийтийн анхаарлыг татжээ.
Түүний Испанийн эсрэг тоглолтын дараа Инстаграм дахь дагагчдын тоо ойролцоогоор 50 мянгаас 17.4 сая болж огцом өссөн байна.
Сонирхолтой нь, Чилийн хөлбөмбөгийн дүрэмд хоч нэрийг өмсгөлийн ард ашиглахыг хязгаарладаг ч “Коло-Коло” клуб Возинья нэрээ өмсгөлдөө ашиглах зөвшөөрөл авчээ. Бусад клубүүд ч энэ хүсэлтийг дэмжсэн байна.
“Возинья” гэдэг хоч нь португал хэлээр “бяцхан эмээ” гэсэн утгатай. Түүнийг бага байхад гудамжны хөлбөмбөг тоглож хожигдохоороо уйлаад, хамт амьдардаг өвөө эмээгийндээ гүйж харьдаг байсан тул ахмад хүүхдүүд нь ингэж хочилжээ.
Возинья өмнө нь Португалийн хоёрдугаар лигийн GD Chaves багт тоглож байсан бөгөөд Ангол, Кипр, Молдав, Словак зэрэг улсын клубүүдэд хүчин зүтгэж байв.
Эх сурвалж: Reuters
