Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад автомашины болон онгоцны түлш хомсдож болзошгүй тухай мэдээллийг хянаж байгаагаа 8 дугаар сарын 4-нд мэдэгдэж, энэ нь дотоод болон олон улсын зорчих хөдөлгөөнд саатал учруулж болзошгүйг анхаарууллаа. Элчин сайдын яамнаас Монгол Улсад байгаа АНУ-ын иргэдэд зайлшгүй шаардлагагүй аяллаа хойшлуулах, хэрэв ойрын хугацаанд тус улсаас гарахаар төлөвлөсөн бол явах хугацаагаа наашлуулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг тогтмол үзэж, гэр бүл, хамтран ажиллагсадтайгаа холбоо барих төлөвлөгөөтэй байхыг зөвлөжээ.
Мөн онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамтай +976 7007-6001 дугаараар холбогдох боломжтойг мэдээлсэн байна. Энэхүү сэрэмжлүүлгийг АНУ-ын Төрийн департаментын Smart Traveler Enrollment Program (STEP) хөтөлбөрт бүртгэлтэй иргэдэд хүргэжээ. Нөхцөл байдал өөрчлөгдвөл аюулгүй байдлын талаарх нэмэлт мэдээллийг шуурхай хүргэхээ мэдэгджээ.
