9 хүний аминд хүрч, 13 хүн шархдуулсан сурагч өмнө нь сургууль дээрээ буу авчирч байжээ


Тайланд улсын Бангкок хотын баруун хойд захад орших “Debsirin Nonthaburi” сургуульд 7 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан хэрэг 8-р сарын 7-нд гарсан. Уг халдлагын үеэр шархадсан хүүхдүүдийн 2 нь нас барснаар амиа алдагсдын тоо 9 боллоо. Хамгийн сүүлд нас барсан хохирогч нь 12 настай охин байжээ. Тэр хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан ч дараагийн өдөр нь нас барсан байна.

Тус улсын эрх баригчдын мэдээлснээр ийм хэрэг үйлдсэн этгээд нь тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч байв.
Тэр сургуульдаа ирэхээсээ өмнө өвөө, эмээгээ буудан хөнөөсөн гэж Бангкокийн Цагдаагийн газар үзэж байна.
Уг сурагч сургууль дээр 3 багш, 3 сурагчийг буудан хөнөөж, 15 хүн шархдуулаад өөрийгөө буудан, амиа хорложээ. Шархадсан хүмүүсийн 2 нь нас барж, 13-ынх нь биеийн байдал хүнд байгаа тухай “Reuters” агентлаг мэдээллээ. 

Энэ хэрэг хичээлийн цагаар гарсан тул сурагчид ангиасаа зугтаж, зарим нь ширээн доогуур нуугдан, багш нар хүүхдүүдийг аюулгүй газарт гаргахыг оролдсон байна.

Тус халдлагын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Цагдаагийн байгууллагын мэдээллээр уг хүү өмнө нь сургууль дээрээ буу авчирч байжээ. Түүнийг нь багш нар хурааж авсан аж. Хүүхэд хаанаас буу олж авсныг хэн ч мэдэхгүй байна. Энэ асуудал одоо Тайланд даяар томоохон маргаан дагуулж буй аж.

Зүүн Өмнөд Азийн бусад улстай харьцуулахад Тайландын иргэд галт зэвсэг өргөн хэрэглэдэг. Тиймээс өсвөр насны хүүхэд жинхэнэ галт зэвсэг яаж олж авсан, гэртээ буу хадгалж байгааг нь яагаад хэн ч мэдээгүй вэ зэрэг асуудлыг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *