Ардчилсан нам пүрэв гараг бүр хийдэг 4/11 мэдээллийн цагаараа өнөөдөр улсын төсөв хөндөв. Тус нам 8 дугаар сардаа багтаан, УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, 2026 оны улсын төсвийг тодотгохыг шаардлаа.
Энэ оны төсөв 2.1 их наяд төгрөгөөр алдагдаад байгаа талаар өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд З.Мэндсайхан олон нийтэд мэдээлсэн юм. Төсөв алдагдаж буйтай холбогдуулан, Засгийн газар, төрийн байгууллагууд бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжээд байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Махны үнэ өндөр болсныг Ерөнхий сайд мэдээд, зарим нэг дарга нартаа гомдоод байсан. Харин монголчууд бид өдөр бүр дэлгүүр орохдоо өнгөрсөн хугацааны эрх баригчдын алдаатай бодлогод гомдож байгаа шүү. Шатахууны хомсдол дараагийн инфляцын өсөлтийн давалгааг авчирч болзошгүй байна. Эндээс иргэдээ хамгаалах бодлого байна уу? УИХ яаралтай ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголоо хэлэлцэж батлах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.
