Кантри хөгжмийн домог, дуучин, ая зохиогч, жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн Долли Партон 80 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийнхэн өчигдөр олон нийтэд мэдэгдэв. Долли Партон Нэшвилл хотод ойр дотно хүмүүсийнхээ дунд өөд болсон байна. Түүний төлөөлөгчийн мэдээлснээр дуучин бүсгүй хорт хавдартай байсан аж.
Түүний нас барсныг гэр бүлийнх нь нэрийн өмнөөс зээ хүү Брайан Сивер мэдэгдсэн байна. Тэрээр “Долли Партон олон үеийн дуучид, ая зохиогчид, хөгжимчдөд зам нээж өгсөн. Түүний нээсэн боломжууд түүхийг өөрчилсөн” хэмээн дурсжээ.

70 жил үргэлжилсэн уран бүтээл
1946 онд АНУ-ын Теннесси мужийн хөдөө нутгийн ядуу гэр бүлд 12 хүүхдийн 4 дэх нь болон төрсөн Долли Партон бага наснаасаа хөгжимд дурлаж, 10 орчим настайдаа радиогоор дуулж эхэлжээ. Тэрээр 13 насандаа алдарт “Grand Ole Opry” тайзан дээр анх гарч байв. 18 насандаа Нэшвилл рүү нүүсэн байна.
Тэрээр 60 гаруй жил үргэлжилсэн карьерынхаа хугацаанд “Jolene”, “I Will Always Love You”, “9 to 5”, “Coat of Many Colors” зэрэг Дэлхий даяар алдаршсан бүтээл туурвижээ. Нийтдээ 100 сая гаруй пянз, цомог борлуулсан гэж “Reuters” мэдээлсэн байна.
Долли Партон 11 удаа “Грэмми” шагнал хүртсэн. Кантри хөгжмийн төдийгүй рок-н-роллын алдрын танхимд багтсан цөөн уран бүтээлчдийн нэг юм. Түүний “Jolene” болон “I Will Always Love You” дуунууд мөн “Grammy Hall of Fame”-д бүртгэгдсэн байна.

Хөгжмөөс гадна кино, бизнес, хүмүүнлэгийн салбарт
Партон зөвхөн дуучин, ая зохиогчоороо төдийгүй жүжигчнээрээ ч олонд танигдсан. Тэрээр 1980 оны “9 to 5” кинонд Жэйн Фонда, Лили Томлин нартай хамт тоглож, киноны нэртэй дууг мөн өөрөө бичиж, дуулсан юм. Мөн “Steel Magnolias” зэрэг кинонд тогложээ.
Тэрээр аялал жуулчлалын салбарт ч амжилт гаргаж, Теннесси мужид “Dollywood” хэмээх томоохон зугаа цэнгэлийн парк нээсэн байна.
Гэхдээ Партон хөгжмийн амжилтаас гадна буяны үйлсээрээ Дэлхийд танигдсан юм. Түүний үүсгэн байгуулсан “Imagination Library” хөтөлбөрөөр дамжуулан, хүүхдүүдэд үнэгүй ном түгээдэг. Уг санаачилга нь олон оронд хэрэгжиж, 300 сая орчим ном хүүхдүүдэд хүргэсэн байна.

Сүүлийн жилүүд
Долли Партон сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудалтай байв. Эрүүл мэндийн хэд хэдэн асуудалтай тулгарч байгаагаа 2025 онд өөрөө мэдэгдэж байжээ. Мөн 2025 оны 3 дугаар сард 60 орчим жил ханилсан нөхөр Карл Дин нь нас барсан нь түүнд хүнд цохилт болсон байна.
Тэрээр нас барахаасаа ердөө хэдхэн хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар “Dollywood” паркийн шинэ байгууламжийн нээлтэд оролцох төлөвлөгөөгөө цуцалжээ.
