Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир 8 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Бхупендер Ядав, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтын үеэр хоёр талын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.
Мөн хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлээр Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны газар (ITEC)-ын монгол мэргэжилтнүүдийг сургаж ирсэн туршлага, уламжлалыг үргэлжлүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх талаар санал солилцсон.

Энэтхэг улсын санаачилсан Олон улсын том муурны холбоо (IBCA)-нд Монгол Улс 2025 онд элссэн. Энэ хүрээнд цоохор ирвэс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны газар Энэтхэгийн Засгийн газрын бүрэн санхүүжилттэй, олон улсын чадавх бэхжүүлэх хөтөлбөр юм. 1964 оноос хойш 160 гаруй орны 200 гаруй мянган албан хаагчийг сургаж, хөгжлийн туршлагаа хуваалцаж ирсэн түүхтэй.
