Боловсролын салбарт манай улс энэ онд 1,924.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 302 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Төслүүдийн дундаж гүйцэтгэл 68 хувьтай үргэлжилж байгаа аж. 8 дугаар сарын байдлаар эдгээрт 261 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнд:
- 49,350 суудалтай ерөнхий боловсролын сургуулийн 107 барилгын дундаж гүйцэтгэл 69 хувь;
- 13,280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн 87 барилгын дундаж гүйцэтгэл 67 хувь;
- 3,240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн цогцолборын 12 барилгын дундаж гүйцэтгэл 73 хувь;
- 4,375 орны хүчин чадалтай 38 дотуур байрны барилгын дундаж гүйцэтгэл 68 хувь;
- 1,000 хүүхдийн хүчин чадалтай 17 спорт заалны барилгын дундаж гүйцэтгэл 57 хувьтай үргэлжилж байна.
Барилгын хөгжлийн төв, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төв эдгээр барилгын ажлын явц, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж байна. Дээрх төсөл, арга хэмжээнээс энэ онд 77 төсөл, арга хэмжээг бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Үүнд:
- 13,790 хүүхдийн суудалтай 33 сургууль;
- 3,930 хүүхдийн хүчин чадалтай 26 цэцэрлэг;
- 240 хүүхдийн хүчин чадалтай 1 цэцэрлэг, сургуулийн цогцолбор;
- 1,085 хүүхдийн хүчин чадалтай 9 дотуур байр;
- 6 спорт заал
Эдгээр 77 төсөл, арга хэмжээнээс 39-ийг нь 9 дүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулах аж. Улаанбаатар хотод 1280 суудалтай 2 сургууль, 720 хүүхдийн хүчин чадалтай 3 цэцэрлэг, 240 хүүхдийн хүчин чадалтай 1 цэцэрлэг, сургуулийн цогцолбор ашиглалтад оруулах боломжтой.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд заасны дагуу цэцэрлэг, сургуулийн засвар, тохижилтыг тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага хариуцдаг.
