“Улс төрийн нэр бүхий 7 намд 6 тэрбум 954.9 сая төгрөгийн санхүүжилт олгосны 191.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна. Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намд төрөөс олгосон санхүүжилтийг нам, эвслүүд хуульд заасны дагуу зарцуулсан эсэхийг хянах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Шилэн дансны тухай хуулийн 6.11 дэх хэсэгт нийцүүлэн, улс төрийн намуудад шилэн дансны нэгдсэн цахим хуудас хөтлүүлж, ил тод мэдээлэх хуулийг хэрэгжүүлээгүй байна” гэж Үндэсний аудитын газар дүгнэлээ.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, 2 эвсэл, 927 нэр дэвшигч бие даан өрсөлдсөн. Нийт 1341 нэр дэвшигчээс 372 нь жагсаалтаар, 969 нь тойрогт нэр дэвшсэн юм. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2.089.949 сонгогчийн 73.2% нь сонгуульд саналаа өгчээ.
Нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авсан, УИХ-ын сонгуулийн хуульд заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улстөрчийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог үндэслэн, намуудад төрөөс санхүүжилт олгохоор Улс төрийн намын тухай хуульд заасан юм. Уг хууль 2024.01.01-нээс хүчин төгөлдөр болсноор төрөөс санхүүжилт авах болзлыг 9 нам хангаж, мөнгөө авсан байна.
7 нам төрөөс авсан 3 тэрбум 83.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй

Нам, эвсэлд олгох санхүүжилтийн дүнг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгахдаа санхүүжилт авах эрхтэй намуудын бодитой тоо, судалгаанд үндэслээгүй. Харин УИХын болон ээлжит бус сонгуулиар сонгогчийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоонд үндэслэн, боловсруулсан байна.
2025 онд намуудад төрөөс олгох санхүүжилтийг СЕХ-ны төсөвт суулгаж, батлуулахаар Улс төрийн намын тухай хуулийн 27.122-т хуульчилсан байна. Гэтэл СЕХ намуудад 9 тэрбум 655.6 сая төгрөг олгохоор тооцохдоо сонгогдсон гишүүдийн тоо, сонгуулийн үр дүнд үндэслээгүй гэж ҮАГ үзсэн байна. УИХ 2024.12.12-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа СЕХ-ны даргын төсөвт улс төрийн намуудад олгох санхүүжилтийг 8 тэрбум 690 сая төгрөгөөр баталжээ. Үүнээсээ төсвийн тодотголоор 1 тэрбум 518.4 сая төгрөг хасаж, 7 тэрбум 171.6 сая төгрөг болгожээ. Ингээд СЕХ 2025.05.07-нд уг санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, 7 намд 6 тэрбум 954.9 сая төгрөг олгосон байна.
Нөгөө талд намууд төрөөс санхүүжилт авах хүсэлтээ СЕХ-нд гаргахдаа уг мөнгийг хуульд заасан зориулалтаар зарцуулах төсөв, төлөвлөгөө гаргадаггүй аж. СЕХ ч тийм төлөвлөгөө шаарддаггүй ажээ.

Намууд төрөөс авсан мөнгөнөөсөө нийт 191.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэж ҮАГ үзэж байна. 7 нам авсан мөнгөө доорх зүйлд зарцуулжээ.
- Эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэний улс төрийн оролцоог дэмжих, сургахад 1 тэрбум 261.6 сая төгрөг, 18.1%,
- Намын гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад 1 тэрбум 71.5 сая төгрөг, 15.4%,
- Намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд 1 тэрбум 538.2 сая төгрөг, 22.1%,
Нийт 3 тэрбум 871.3 сая төгрөг буюу 55.6%-ийг хуульд заасан зориулалтаар зарцуулсан бол 191.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүйг аудитаар илрүүлжээ. Үүнд:
- Анхан шатны баримтгүй 85.9 сая төгрөгийн гүйлгээг бүртгэж, тайлагнасан; (МАН 51.6 сая төгрөг, МҮАН 24.4 сая төгрөг, ИЗНН 9.9 сая төгрөг)
- Сургалт зохион байгуулах, медиа контент бүтээлгэхээр гүйцэтгэгч байгууллагад 61.5 сая төгрөг шилжүүлсэн ч “Намын дүрмээ шинэчлэн батлуулаагүй” гэдэг шалтгаанаар гэрээгээ хэрэгжүүлээгүй; (МНН 61.5 сая төгрөг)
- Бэлэг дурсгал, урлаг соёлын арга хэмжээний зардалд 44.1 сая төгрөг зарцуулсан (ХҮН 44.1 сая төгрөг);
Намууд төрийн санхүүжилтээс нийт 3 тэрбум 83.5 сая төгрөг (Санхүүжилтийн 44.4%) доорх байдлаар, зориулалтын бус зүйлд зарцуулсан байна. Үүнд:
- Ажиллагсдын цалинд 2 тэрбум 281 сая төгрөг,
- Түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 215 сая төгрөг,
- Шуудан холбооны зардалд 31.8 сая төгрөг,
- Бичиг хэргийн зардалд 17.9 сая төгрөг,
- Албан томилолт, төлбөр хураамж, тээврийн зардалд 20.2 сая төгрөг,
- Зөвлөх үйлчилгээний зардалд 118.1 сая төгрөг,
- Хэвлэл мэдээллийн зардалд 64 сая төгрөг,
- Хангамжийн зардалд 20.9 сая төгрөг,
- Хөрөнгө худалдан авахад 126.2 сая төгрөг,
- Бусад зардалд 188.4 сая төгрөг,
Хууль бусаар зарцуулсан мөнгийг намаар нь ангилбал:
- МАН 1 тэрбум 408.2 сая төгрөг,
- АН 758.4 сая төгрөг,
- ХҮН 493.7 сая төгрөг,
- ИЗНН 225.4 сая төгрөг,
- ШН 107.6 сая төгрөг,
- МНН 79.4 сая төгрөг,
- МҮАН 10.8 сая төгрөг
Энэ нь Улс төрийн намын тухай хуулийн 26.37, 26.48-ыг зөрчсөн гэсэн үг.

Төрөөс өгөх санхүүжилтийг хуулийн дагуу олгосон уу, авсан мөнгөө намууд зориулалтын дагуу зарцуулсан уу гэдгийг хянуулахаар СЕХ хөндлөнгийн аудит хийлгэжээ. СЕХ-ноос зарласан тендерт аудитын 6 компани шалгарч, 29 намын 2025 оны санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийсэн аж. Ингээд 6 намыг “Өөрчлөлтгүй”, 3 намд “Хязгаарлалттай” гэж дүгнэсэн байв. Гэсэн ч СЕХ намд олгох төрийн санхүүжилтийг хуульд заасны дагуу зарцуулж, тайлагнасан эсэхийг дүгнээгүй аж.
СЕХ-ноос 2024 онд баталсан “Намд төрийн санхүүжилт олгох, шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүү болон үйл ажиллагааг тайлагнах, мэдээлэх, хяналт тавих журам” гэж байдаг аж. Намууд санхүүгийн тайлан, үйл ажиллагааны товч тайлан зэргээ нийтэд ил тод мэдээлэх талаар уг журамд заажээ. Гэвч манай намууд санхүүжилтийн төсөвт өртөг, зарлага, санхүүжилтийн мэдээлэл, тайланг шилэн дансандаа мэдээлдэггүй, цахим системдээ бүртгэдэггүй аж. Иймд СЕХ үүнд анхаарах шаардлагатай гэж ҮАГ үзжээ.
