Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб өнөөдөр ээлжит хурлаараа шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар орон нутгийн 365 ШТС-аас 200 нь хэвийн ажиллаж байна. Орон нутаг дахь шатахуун түгээх станцуудад дунджаар 70-75 машин АИ92 бензин авахаар дугаарладаг байсан бол одоо 58 болж цөөрчээ.
АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын өгсөн чиглэлийн дагуу ачаалал өндөртэй бүс нутгуудад бензин нэмж нийлүүлснээр Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Архангай, Төв, Дундговь аймаг дахь ШТС-уудад машины оочир мэдэгдэхүйц багассан байна. Харин Булган, Дорнод аймгийн ШТС-уудад 100-гаас олон машин дугаарлаж байгаа аж. Тиймээс АИ92 бензиний нөөцгүй байгаа аймаг, сумдыг ойрын хугацаанд шатахуунаар бүрэн хангахаар шуурхай штаб шийдвэрлэв.
