Балба, Төвөдийн хил орчимд 8 дугаар сарын 26-нд мөнх цас, мөсөн гол нурснаас үүдэн Гималайн нурууны хад асга нурж, асар их үер үүсгэсэн. Үүний улмаас амиа алдсан хүний тоо 1.200-г давж, 4200 гаруй хүн сураггүй болоод байна. Аврах багийнхан усан цахилгаан станцуудын хонгилд гацсан байж болзошгүй хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Балбын аврах ажиллагааны гол цэг нь УЦС-ууд болж байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, 639 хүн станцуудын орчимд байхдаа сураггүй болжээ. УЦС-уудын ойр орчмоос аврагчид 279 хүнийг аварч чаджээ. Зарим хонгилын дотор агаар, ус, хүнс үлдсэн хуурай орон зай байж болзошгүй тул аврагчид хүмүүс амьд байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Тухайлбал, “Расувагади” усан цахилгаан станцын хонгил маягийн хэсэгт 46 ажилчин амьд байх боломжтой гэж албаныхан үзэж байна. Аврах багийнхан тийш орох зам гарган, шавар, нурангийг цэвэрлэхийн зэрэгцээ хүн байж болзошгүй хонгил руу хүчилтөрөгч шахаж байгаа аж.
Төвөдийн талд 21 хүн амиа алджээ
Хятадын талд гамшгийн бүсэд хүрэх цорын ганц авто зам болох G216 улсын замыг сэргээн нээжээ. Ингэснээр хүнд машин механизм, эрэлч нохой болон амьд хүн илрүүлэх төхөөрөмжүүдийг гамшгийн бүсэд хүргэх боломжтой болсон байна.
Төвөдийн талд 21 хүн амиа алдаж, 541 хүн сураггүй байгаа аж. Сураггүй болсон хүмүүсийн дунд Балбын 104, Энэтхэгийн 49, Латвийн 33, Канадын 6 иргэн байгаа гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Балбад үүссэн гамшгийн бүсэд ойролцоогоор 2.2 сая тонн нуранги, шавар, чулуу, барилгын хог хаягдал хуримтлагдсан байна. Мөн 12 УЦС уг гамшигт өртөж, олон арван зам, гүүр сүйджээ.
Балбын эрх баригчид гамшгийн дараа Хятадын хил орчимд эрт сэрэмжлүүлэх шинэ систем байгуулахаар төлөвлөж байна. Үүнд газар хөдлөлт мэдрэгч, камер, гар утасны сүлжээ тасарсан үед ажиллах хиймэл дагуулын холбооны төхөөрөмжүүд суурилуулахаар болжээ. Мөн мөсөн голын хөдөлгөөн, усны түвшний мэдээллийг Хятадтай бодит цагт солилцох шаардлагатай гэж үзэж байна.
Аврах ажиллагаанд Балбаас гадна Хятад, Энэтхэг болон бусад орны мэргэжилтнүүд оролцож байгаа ч бороо үргэлжилж, уулын хөрс, хад чулуу тогтворгүй хэвээр байгаа нь дараа дараагийн нуралт, үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
