“Гүүд Нэйборс” ОУТББ-ын санаачилга, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Какао” банкны санхүүжилтээр манай улсад “Ухаалаг номын сан” төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд нийслэлийн “Голомт” цогцолбор сургууль болон 118, 189, 124 дүгээр сургуульд иж бүрэн тохижуулсан, дижитал боловсролыг дэмжсэн орчин үеийн “Ухаалаг номын сан”-г ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө.

Өнөөгийн дижитал эрин үед номын сан зөвхөн цаасан ном хураасан танхим байхаа больж, хүүхэд багачуудын сэтгэн бодох чадвар, мэдээллийн технологийн боловсрол, бүтээлч сэтгэлгээг тэлэх хөгжлийн гол орон зай болсон. Энэхүү төсөл Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын суралцах орчныг сайжруулах, сурагч бүрд тэгш боломж олгоход чухал ач холбогдолтой юм.

Орчин үеийн тавилга суурилуулж, ухаалаг дэлгэц, таблет, цахим номын сангийн системээр тоноглосон байна. Дээрх 4 сургуулийн номын санг Үндэсний номын сангийн KOHA цахим системд холбожээ.
