334 мал хулгайлж, 27 айл ухсан 27 хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ


Олон тооны мал хулгайлсан 27 хүний хэргийг Архангай аймгийн Прокурорын газар 2026.08.28-нд шүүхэд шилжүүлжээ. Тэдний 14 нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан аж.

Тэд ганцаараа болон бүлэглэн 2014-2026 онд Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрээс 334 мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн 27 айлын гэрт нууцаар нэвтэрч, 74 сая төгрөгийн эд зүйл хулгайлсан байна. Хулгай хийх замаар амь зуудаг энэ хүмүүс бусдын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан удаа ч бий аж.

Тус аймгийн Прокурорын газар тэдэнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (Хулгайлах), 17.12 дугаар зүйл (Мал хулгайлах), 17.3 дугаар зүйл (Залилах), 17.7 дугаар зүйл (Тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явах), 18.6 дугаар зүйл (Мөнгө угаах), 11.6 дугаар зүйл (Хөнгөн хохирол учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дашрамд дурдахад, прокурорын байгууллага энэ оны 8 дугаар сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 270 хүнд холбогдох 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *