2026 оны төсвийн тодотгол дээр нийслэлийн сургуулиудын ачааллыг бууруулах, бүлэг дүүргэлтийг багасгах зорилгоор 50 тэрбум төгрөг тавьжээ. Үүнийг тодруулбал:
- 1-рт, хотхон хороололд бага сургуулийн байр түрээслэхэд 13.9 орчим тэрбум төгрөг,
- 2-рт, байраа иж бүрэн тохижуулах тоног төхөөрөмж авах,
- 3-рт, төрөлжсөн ахлах сургууль бий болгоход 1 сургуульд 15 тэрбум төгрөг
“Их засаг кинг”, “Шинэ санаа” зэрэг 5 сургууль тоног төхөөрөмж авах хүсэлт өгсөн тухай Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өчигдөр сэтгүүлчдэд ярьсан. Гэвч үдээс хойш нь тэр үгнээсээ буцаж, “Боловсролын яам 5 сургуульд санал тавиад, тэд нь хүлээж аваагүй” гэж мэдэгдээд байна.
Энэ талаар Засгийн газрын тэргүүнийг өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх үеэр сэтгүүлчид тодрууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль хувьсах зардал авах хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй. 2-рт, улсын Ерөнхий сайд хүн тийм утгагүй юм хийнэ гэж байхгүй ш дээ. Боловсролын яам тэр санхүүжилтээ ил тод, нээлттэйгээр түмэн олондоо ярих хэрэгтэй. Будлиу яриагаар биш, нотлох баримттайгаар ярих хэрэгтэй.
Би хариуцлагатайгаар хэлье. Тэр нэг төсөв мөнгөн дээр суулгачихсан байгаа хөтөлбөрөө олон нийтэд ямар зорилготой, ямар үйл ажиллагаа юм бэ гэдгийг ил тод тавих хэрэгтэй.
