АН-аас Ерөнхий сайд Н.Учралыг гэр бүлийн хамаарал бүхий сургуулийнх нь асуудлаар АТГ-т шалгуулахаар өглөө. Үүнтэй холбогдуулан, Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын гадна яаравчлан ирж, сэтгүүлчдэд ийм тайлбар хийлээ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Төсвийн тодотгол, төсвийн төсөлтэй холбогдуулаад улстөржилт өрнөж байх шиг байна. Надад нууж хаах юм байдаггүй. Тийм ч учраас энэ мэдээллүүдийг нягтлах хүсэлт гаргалаа. Үнэн мөнийг нь тогтоох байх. Би ямар нэг хүсэлт өгөөгүй. Ямар нэг зөвшөөрөл гаргаагүй. Харилцан бие биедээ төсөв хуваарилах асуудал яригдаагүй. ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр УИХ-д өргөн мэдүүлсэн төсөв байна. Энэ төсвийн хуульд, төсвийн заалтуудад байхгүй асуудлаар хүнийг гүтгэж харлуулах, үүний цаана хоосон улстөржилт, төсвийг унагах үйлдэл байх шиг байна.
Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль соёл, эндээс зардал чирэгдэл шийдсэн гэдэг зүйл огт байхгүй. Энэ төсвийн хуулийг харж болно. 2-рт, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ийм үйлдэл хийх шаардлага байхгүй ш дээ, хэн ч ойлгосон.
Миний гэр бүл, ажил мэргэжлийн нэр хүндэд бас халдаж байна. Манай гэр бүлийн нэр хүндэд ингэж халдах шаардлагагүй. 9-р сарын 1-нд Сонгинохайрхан дүүрэгт сургууль байгуулагдаад 1-12 дугаар хүүхдүүд хичээллээд явж байгаа юм байна лээ. Тэр хамаарал бүхий сургуулиудаас энэ төр засагт ямар ч хүсэлт тавиагүй. Хувийнхаа үйл ажиллагааг л явуулж байгаа.
–Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга худлаа мэдээлэл тараасан гэсэн үг үү?
-Үгүй ээ. Төсвийг харлуулах гэсэн оролдлогыг би хүлээн зөвшөөрөхгүй. Улстөржилтөд өртөж байгаад би харамсаж байна. Миний ээж, аавыг улстөржилтөд битгий хутгаач ээ. Хэн нэгний өгсөн эксел файлаар битгий улстөржөөч ээ. Эксел файлаар төсөв хэлэлцдэггүй.
-Танай кабинетаас таны эсрэг ажиллаж байж болох уу?
-Би энийг шалгуулах л ёстой. Үнэн мөнийг тогтоох ёстой. Тэр нэг, албан хаагч нар ажлын төлөвлөгөө ч юм уу, хаанаас гарсан нь ч мэдэгдэхгүй баахан эксел файл явуулж. Би үүнд гомдолтой байгаа.
-Та энэ компанид хувь эзэмшдэг үү?
-Үгүй. Эзэмшдэггүй. 5 дугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан бүх сургууль руу хүсэлт аваад, дүүрэг болгон дээр хэдэн суудал гэж тоолсон байна лээ. Тэгээд бүх сургуульд хүсэлт тавьсан юм байна лээ. Тэгэхэд манай сургууль, тэр “Империал” юу билээ тэр сургуулиуд дээр очоод хүсэлт тавьсан юм байна лээ. Тэгэхэд нь манайх хүсэлтийг нь хүлээж аваагүй. Бид нар хүсэлт тавиагүй юм байна лээ. Тийм учраас энд ямар ч үйл ажиллагаа байхгүй.
