“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох”, “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Түүнийг цагдан хорьж байгаад, 30 хоног нь дууссан тул сулласан юм.
Гэсэн ч В.Ганзоригийг шүүхийн шийдвэрээр буцаагаад ШШГЕГ-ын Цагдан хорих төвд хорьжээ. Нийслэлийн Прокурорын газар яллагдагч В.Ганзоригийг цагдан хорих хугацааг сунгуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандаж, шүүх уг саналыг 2026.09.07-нд хэлэлцээд, хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцаад яллагдагчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилсан гэж үзэн, түүнийг цагдан хорих арга хэмжээг 2026.09.08-ны өдрөөс эхлэн өөрчилсөн. Ингэхдээ түүнийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан юм.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүний энэ шийдвэрийг прокурор эсэргүүцэн, тус шүүхийн ерөнхий шүүгчид ханджээ. Ерөнхий шүүгч уг эсэргүүцлийг өнөөдөр хянаад, “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг шүүгч Б.Билгүүн хангаагүй. Ямар нотлох баримтыг үндэслэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсанаа хуульд нийцүүлэн тайлбарлаагүй” хэмээн үзэв. Ингээд түүний захирамжийг өөрчилж, яллагдагч В.Ганзоригийг цагдан хорих хугацааг сунгалаа.
