Шүлхий өвчний САТ1 болон О хэвшлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХХААХҮЯ 2.4 сая тун вакцин худалдан авч, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн үхэр, гахай болон зарим сумын бог малд 9 дүгээр сарын 12-ноос хийж байна. Нийт 2.6 сая мал, амьтан вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Тарилга хийх, вакцин худалдан авах бүх бэлтгэлийг ХХААХҮЯ урьдчилан хангасан аж.
Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот суманд 8 дугаар сарын 20-21-нд шүлхий анх гарсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 8 дугаар сарын 22-нд уг өвчний сэжиг бүртгэгдэж, 24-нд онош нь батлагджээ. Дорнод аймгийн Дашбалбар сумаас Сүхбаатар аймагт аваачсан малаас шүлхийн халдвар тархсан аж.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Шүлхийн О, САТ1 хэвшлийн вакцин зэрэг үйлдвэрлэдэг үйлдвэр ОХУ, Хятадад тун цөөн байдаг юм байна. ОХУ-ын Владимир, Хятадын Ланжоу хотод үүний үйлдвэр байдаг. Эднийх шиг үйлдвэр барих зорилго одоогоор манайд байхгүй. Өтгөрүүлсэн шингэн авчраад, Монгол Улсад савлах гээд байгаа юм. Эдгээр улсын эрдэм шинжилгээний байгууллагынхан манай улсад ирж, Биотехнологийн үйлдвэртэй танилцсан. Манай энэ үйлдвэрийн тоног төхөөрөмж өтгөрүүлсэн шингэн савлаж болох нь уу гэдгийг шалгаад яваа юм.
Манай улсад одоо энэ 2 хэвшлийн шүлхий гарч байна. Тиймээс хоёулангийнх нь вакциныг хийх шаардлагатай байна. Энэ вакцин 6 сарын дархлаа тогтооно. Тиймээс жилд 2 удаа хийнэ. Ганц хэвшлийн шүлхийн вакциныг 1600-гаар авдаг байсан бол 2 хэвшлийн шүлхийн вакциныг 2500, 2600-гаар авах гээд байгаа юм.
Тэгээд 6 сая тун вакцин хэрэгтэй. Хятадаас, Оросоос дундын зуучлагчгүйгээр улсын үйлдвэрээс нь вакцин авахаар үнийн санал авч байна.
Бусад аймгийн малд хийх вакцин одоогоор алга. Үүнд зарцуулах төсвийг УИХ тодотголоор шийдвэрлэж өгвөл вакцин авахаар төлөвлөсөн.
