УИХ-ын дарга С.Бямбацогт: Олон жил бугшсан намчирхал, талцлыг эцэс болгож, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудаа нэн тэргүүнд эрэмбэлэн батлах ёстой


УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.09.15/ нээлтээ хийлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг тодорхойлох онцгой хариуцлагатай цаг үед эхэлж байна. Хэдийгээр гадаад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа ч манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд өсөлттэй, олон улсын байгууллага, хөрөнгө оруулалтын хүлээлт эерэг байна. Энэ онд нүүрсний экспорт анх удаа 100 сая тонн, 2027 онд 110 сая тонн болж нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсны зэрэгцээ гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрлээ.Эдийн засгийн энэхүү өсөлтийг ард иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжихэд зарцуулах шаардлагатай байна. Мөн Олон жил бугшсан намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоож, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудаа нэн тэргүүнд эрэмбэлэн батлах ёстой” гэв.

Намрын чуулганаар Монгол Улсын 2027 оны төсөв, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсөв, Эрдэнэсийн сангийн 2026 оны гүйцэтгэл, 2027 оны төсөв, 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэн батална. Мөн Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт улсын эдийн засаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *