УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.
-ЗГ-ыг АН огцруулах санал тавьсан. Нэг их мундаг юм болгоод яриад байх юм байхгүй. Байгуулсан засгаа унагах эрх нь МАН-д буй. Амьдрал ахуй сайхан байна, ард түмэн жаргаж байгаа гэж бодож байвал Н.Учралын Засгийн газрыг аваад үлдэнэ л биз. Үргэлжлүүлээд ажиллуулна биз.
Бид улсаараа л ухарч явна. Улсаараа ухарч явдаг нь энийг удирдаж байгаа МАН ажлаа хийхгүй байгаагийнх. Өөр хоорондоо арилжаа наймаа, хэрүүл уруул яриад байна. Хавар гэнэтхэн цочсон юм шиг гарч ирснээ “2500 том ах минь хаашаа алга болов” гээд солиороод байна лээ ш дээ. Ийм хариуцлагагүй юмыг манай бүлэг яриад, огцруулах нь зүйтэй гэсэн ш дээ.
-АН-ын бүлэг ЗГ-ыг огцруулах бичиг санаачилчхаад, одоо болтол өргөн барьсангүй. Энэ ямар учиртай юм бэ?
-Өө мэдэхгүй. Би чинь гарын үсгээ зурчихсан хүн чинь өргөн барьчихсан гэж ойлгоод явж байгаа. Тэр хамаагүй. Цаг үеэ харж байгаад, сая бүгдээрээ сайхан айргаа, наадмаа хийгээд, явж явж ирээ биз дээ. Одоо л өргөн барих байлгүй дээ. Тэр нэг их асуудал биш шүү дээ.
–Ерөнхий сайдыг УИХ-д “Надад итгэл үзүүлээч” гэсэн бичиг өргөн барихыг АН-ын бүлэг шаардсан. Гэхдээ ийм бичиг өргөн барих хугацаа заасангүй.
-Тэр чинь зүгээр техникийн л асуудал шүү дээ. Юу ч гэж томъёолсон өнөөдөр ахуй амьдрал болж байгаа юу, болохгүй байгаа юу? Аж ахуйн нэгжүүд татварын дарамтад сөхөрч унаж байгаа юу? Юмны үнэ өсөж байгаа юу? Та нар АН-ын өргөн барьсан юманд санаа зовох хэрэггүй.
-УИХ-ын дараагийн сонгууль болоход богинохон хугацаа үлдлээ шүү дээ.
-Хэн мэддэг юм. МАН-аас асуугаач! Оюун-Эрдэнийг яах гэж огцруулсан юм бэ? Хэн огцруулсан юм бэ?
-Олонх.
-Өө яг. Олонх л огцруулдаг юм байгаа биз дээ. Дараа нь хэн боллоо?
-Г.Занданшатар.
-Хэн тавьж, хэн огцруулсан юм бэ? Би лав тавиагүй. Одоо Учралыг огцруулах эсэх тухай ярьж байна. Та минь нэг юм ойлгочхооч. Энэ чинь АН-д ямар ч хамаагүй асуудал. Болохгүй бүтэхгүй байгаа юмыг огцруулъя гэсэн санаачилга гаргах нь АН-ын үүрэг. Тэр үүргээ л биелүүлж байна. Аваад үлднэ л биз дээ.
–О.Цогтгэрэл даргын арга барилд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоо яана аа. Намайг О.Цогтгэрэлтэй хэрэлдүүлэх нь үү! Тэр яах вэ. Хамаагүй. Зарим нэг хүн шүүмжилж л байна биз. Нээлттэй нийгэмд байгаа юм чинь. Би бодохдоо наадах чинь Цогтгэрэлийн асуудал биш. Манай АН-ын 32 гишүүний асуудал.
–Судалгаагаар Ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтай хүмүүс дунд таны нэр хүнд илүүрхээд байна лээ.
-Цагаан хэл ам тусчихна аа. Одоо тэр тухай яриад яах вэ. Шал дэмий.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирвэл та дэвшихэд бэлэн байгаа юу?
-Санал гэж, би өөрөө санал гаргачхаад байхад чинь. Нэг их ичингүйрээд, хүнээр түлхүүлж, тайзан дээр гардаг хэн байдаг юм. Би “Юм хийе” гэж бодож байна. “Би хийнэ ээ” гэж хэлээд дэвшихгүй яадаг юм. Ичингүйрээд байх юм байхгүй шүү дээ.
Манайхаас 2 хүн нэр дэвшихээ илэрхийлсэн байгаа, одоогоор. Лав л би хэнийг ч харлуулаагүй. Гантөмөр бас намайг харлуулаагүй. Тэгэхээр манайд асуудал алга. Би шүүх дээр 3 удаа цагаадсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хуулийн гацаа байхгүй.
