ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ардаа алтны уурхайтай Б.Оюутболд гэж хүнийг Экологийн цагдаагийн даргаар томилсон. “Вайнд майнд” ХХК 5 тэрбум төгрөгийг хээл хахуульд өгсөн асуудал бий. Намайг ч элдэв хүмүүсээр дамжуулж, худалдаж авахаар оролдсон. Үүний цаана Г.Занданшатар, Б.Оюутболд нар байгаа” гэж мэдэгдсэн юм.
Үүнд өнөөдөр Т.Оюутболд “Төрийн энэ хариуцлагатай албанд 30-аад жил шатлан дэвшиж /салбарын 9 сайдтай/ ажиллахдаа төрийн алба хаагчийн ёс зүй, дүрмээ мөрдлөг болгон аливаа хардлага, гүтгэлэгт тайлбар хийлгүй ирсэн. Гэтэл салбарын сайд зөвхөн өөрийн эрх ашгаа илүүд үзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан миний нэр төрд халдаж, худал мэдээлэл түгээж байгаад “Гайхшрал” төрлөө.
Тухайн мэдээлэлд дурьдсан асуудал /алтны уурхайтай, хууль бус хөрөнгө, орлого гэх мэт/ -ыг өөрийн хүсэлтээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Авилгатай тэмцэх газраар шалгуулан холбогдолгүй болох нь тогтоогдсон. Энэ талаар зориуд сошиалд мэдээлэл түгээсэн иргэн /сайт/-ыг шүүхэд гомдол гарган, миний талд уучлалт гуйлгах шийдвэр ч гарсан.
Иймд 2026.09.15-ны өдөр Хууль зүйн салбарын сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ шалгуулан, нотолж чадахгүй бол би өөрийн нэр төрөө сэргээлгэн, тухайн мэдээлэл түгээсэн хэлбэрээр нь залруулга хийлгэн уучлалт гуйлгахаар шүүхэд нэхэмжлэл гаргах болно.
Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчийн албаны эрх ашиг, гэр бүл, нэр төрийг нь хуулиар хамгаалахаар Төрийн албаны хуульд хуульчилсан байдаг” гэсэн хариу өглөө.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан 8-р сард ЦЕГ-ын удирдлагуудтай уулзсаныхаа дараа ЦЕГ-ын дарга Ж.Болдын тушаалаар Экологийн цагдаагийн албаны дарга Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, хурандаа Баатарын Оюутболд 2026.04.06-нд Экологийн цагдаагийн албаны даргаар томилогдсон. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд уг албан тушаалд тавьсан ч 4 сарын дараа чөлөөлсөн.
Б.Оюутболд 2020-2022 онд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, 2022-2024 онд нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд газрын дарга, 2024 оны 1-12 дугаар сар хүртэл ТЦА-ны дарга, 2024 оны 12 дугаар сараас 2026.04.05 хүртэл ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны даргаар ажиллаж байв.
