Дэлхийн гол мөрөн 2025 онд сүүлийн 35 жилийн хамгийн хуурай жилүүдийн нэгийг туулж, мөсөн голуудын хайлалт эрчимжиж, газрын доорх усны нөөц буурсан нь усны аюулгүй байдалд учрах эрсдэл нэмэгдсэнийг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) мэдээлжээ.
WMO-ийн “Дэлхийн усны нөөцийн төлөв” тайланд дурдсанаар, 2025 онд дэлхийн гол мөрний сав газрын 36 хувьд усны урсац хэвийн хэмжээнээс доогуур байжээ. Мөн 2010-аад оны дунд үеэс газрын доорх ус, нуур, гол мөрөн, хөрсний чийг, цас, мөс зэрэг хуурай газрын усны нөөц тасралтгүй буурч байгаа аж.
Мөсөн голуудын алдагдал мөн хурдассан байна. 2025 онд дэлхийн мөсөн голууд нийтдээ 408 гигатонн орчим мөс алдаж, үүний улмаас далайн түвшин ойролцоогоор 1.1 миллиметрээр нэмэгджээ. Ингэснээр мөсөн голуудын бүх томоохон бүс нутаг дөрөв дэх жилдээ дараалан цэвэр мөсний алдагдалтай гарсан байна.
WMO-ийн мэдээлснээр, 2023-2025 онд мөсөн голууд нийт 1400 гигатонн орчим ус алдсан нь дэлхийн нэг жилийн цэвэр усны хэрэглээний ойролцоогоор гуравны нэгтэй тэнцэх хэмжээ юм. Мөн сүүлийн таван жилд бүртгэгдсэн усны гамшгийн дор хаяж тал хувь нь Ази, Африкт тохиолдож, эдгээр гамшигтай холбоотой нас баралтын 80 гаруй хувь нь тус бүсүүдэд бүртгэгджээ.
