УИХ-ын чуулган 14:00 цагаас хуралдаж, С.Амарсайханы оронд Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилохоор товлосон. Гэвч чуулганы ирц бүрдэхгүй, МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос тодрууллаа.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-Чуулганд суух, суухгүй нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал. Хэн нэг хүний дохио зангаагаар хуралдаа суу, бос гэдэг асуудал байж болохгүй. 2-рт, манай танхим танхимын зарчмаа бариад ажиллаж байгаа гэж ойлгож байгаа.
Сүүлийн үед үүссэн 2, 3 янз бүрийн асуудал байна. С.Амарсайхан сайдын хувьд хүний ёсонд байж болохгүйгээр гэр бүл, үр хүүхдээр нь доромжилж, асуудал үүслээ ш дээ. Ямар нэг нотолгоо баримтгүйгээр хүний эрх чөлөө, нэр төр, алдар хүндэд ингэж халдана гэдэг байж боломгүй асуудал.
Энэ бол зөвхөн энэ удаа үүсэж байгаа асуудал биш. 2024 оны сонгуулиар ч гэсэн энэ асуудлыг яриад л байсан. Сая ахиад гаргаж ирж байна.
Миний хувьд С.Амарсайхан гишүүнтэй 10 гаруй жил дүүрэг, нийслэл, их хурал, ЗГ-ын түвшинд хамтарч, мөр зэрэгцэж ажиллаж байгаагийн хувьд би нөхрийгөө ийм юм хийх хүн биш гэдэгт 200% итгэлтэй байгаа.
Энэ бол 2027 оны сонгуультай холбоотойгоор… Манай хүн бол нэр дэвших боломжтой кандидатын нэг яах аргагүй мөн. Би хувь хүнийхээ хувьд 27 онд нэр дэвшигч нэр дэвшигчдийн өрсөлдөөнөөс ийм аргаар гаргаж байгаа юм байна гэж бодож байна.
Хууль хүчний байгууллагуудад асуудал бий. Нийтээрээ бас завхарчихсан уу гэвэл үгүй. Энийг шийдэх, сайжруулах, засахын төлөө мэдээж эр зориг гаргаж байж асуудал хийнэ. Үүний зах зухаас эхлүүлэхэд иймэрхүү асуудал үүсэж байгаа юм болов уу гэж би бодож байна. Халаа сэлгээ хийдэггүй сайд гэж бараг байдаггүй ш дээ. Ганц нэг томилгоо хийснээр нь ингэж байгаа гэдэг юм уу.
