УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас цаг үеийн мэдээллийг тодрууллаа
УИХ -аар төсөв хэлэлцэх болохоор ирц бүрддэггүй атлаа томилгоо хэлэлцэх болохоор гишүүд орж ирлээ гэдэг шүүмжлэл өрнөж байна?
-Парламент юуг ч хэлэлцэх ёстой. Бүрэн эрхэнд байгаа бүх асуудлыг бүгдийг нь хэлэлцэх ёстой. Томилгоо байх уу, төсөв байх уу, тодорхой хуулийн төсөл байх уу гэдгээс үл хамаарч бүгдийг л хэлэлцэх хэрэгтэй.
Парламент гэдэг олон намын оролцоотой, маш өндөр түвшний зөвшилцөл хийж байж, урагшлах ийм нөхцөл бүрдсэн. Улс төрийн нам дотроо ч мөн адил. Жишээлбэл, Ардчилсан нам дотроо маш олон фракцтай байдаг. Тухайн фракцууд ойлголцож байж урагшилдаг. МАН-ын хувьд ч мөн адил, дотроо олон санаа бодлыг уралдуулж, цөөнхийн санаанд тулгуурлаж олонхийн шийдвэр гаргадаг. Парламентын түвшинд аливаа санал зөрөлдсөн асуудлаар тодорхой нам, эвсэл, этгээдүүд зөвшилцөл хийх зорилготой бойкот хийх эсвэл тодорхой асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, улс төрийн бойкот хийх гэдэг бол парламентын засаглалтай оронд байдаг хэвийн үзэгдэл. Энэ зүйл байхгүй болоод ирэх юм бол бидний айгаад байдаг дарангуйллын нийгэм гэдэг зүйл бодитоор бий болдог.
Дарангуйлал үүсэхээрээ хэн нэгэн дуу хоолойгоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээ мэдээллийг ил тод нийтлэх боломж хумигддаг учраас бид парламентын засаглал, нээлттэй ил тод байдал, олонх, цөөнхийн зөвшилцөл ил тод явагдаж байх ёстой гэж үздэг. Энэ бол улс төрийн эрүүл үзэгдэл.
Харин эсрэгээрээ ямар нэгэн албан тушаал, эрх мэдлийн төлөө бойкот хийж байгаа бол үүнийг олон нийтийн зүгээс шүүмжлэх нь зүй ёсны зүйл. Эрүүл үзэгдлийн төлөө улс орны ирээдүйд хохирол үзүүлж болзошгүй зарим зүйлс дээр асуудал тавих нь зүй ёсны зүйл юм.
Энэ утгаараа 2022 оноос эхлүүлээд улс төрийн намуудын дунд зөвшилцөл хийж, Үндсэн хуульд өөрчлөлт хийж, парламентын гишүүдийн тоог нэмж, 126 болгосон. Улмаар улс төрийн таван нам, эвсэл парламентад орж ирсэн байна. Энэ таван нам, эвсэл орж ирсэн парламентын зөв соёл, жишгийг цаашдаа түгээж, нутагшуулах хэрэгтэй.
Үүнийг зөв хийхгүй бол энэ парламентын засаг утгагүй юм аа гэдгийг нийгэмд төрүүлэх этгээдүүд маш их байгаа. Тиймээс үүний эсрэг хатуу зогсох тодорхой улс төрийн байр суурь илэрхийлж байгаа.
Миний хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажилласан. Ардчилсан хувьсгалаас хойш ийм урт хугацаагаар ажилласан генсек байгаагүй. Энэ төр улсыг удирдах гэж байгаа улс төрийн нам институци болж чадахгүй болохоор төр үймээн самуун ихтэй, төрд гарч байгаа хүмүүс улс төрийн намаар зөвхөн дамжиж ажил, албан тушаалд хүрдэг учраас улс төрийн намыг мэргэжлийн институци болгох хэрэгтэй.
УИХ-д нэр дэвшихгүй найман жил генсек хийсэн. Энэ хугацаандаа маш олон намтай зөвлөгөөн, хурал цуглаан хийж байсан.
Өнөөдөр эргээд харахад улс төрийн намын институци болох зорилго, замууд эхнээсээ устаж, балартаж байна. Яагаад гэхээр санаа бодол нийлээгүй нэгнээ хөөнө, дарамтална, зарим тохиолдолд хууль хяналтын байгууллагаар дарамталж байна.
Өнгөрсөн жилийн жишээ гэхэд л Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахаар албан бланкаа ашиглуулсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дээр хэрэг үүссэн. Зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдсан. Г.Занданшатарыг үйл ажиллагааны зарчим баримтал гэж 30 гишүүний гарын үсэгтэй шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүн Э.Болормаа дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан, Сонгуулийн болон Зөрчлийн хуулиар шийдэгддэг асуудлыг Эрүүгийн хуулиар ялаар шийтгэхээр хэрэг үүсгэсэн байх жишээтэй.
Г.Занданшатарыг огцруулахаар чуулган удирдсан УИХ-ын гишүүн Э.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар зүйлчилсэн. Намын даргад өрсөлдөөд ялсан намайг Эрүүгийн хуулиар зольж байсан.
Энэ үйлдэл тасрахгүй өнөөдөр ч үргэлжилж байна. УИХ-ын гишүүдийг шинэ, залуу гэхгүй дарамталж байна. УИХ-ын гишүүн С.Амарсайханы гаргаж байгаа мэдэгдэл бол дандаа улс төрийн дарамт, шахалт дундаас хийж байгаа зүйл. Болохгүй байгаа зүйлтэй тэмцэхэд зохион байгуулалттай үйлдэл хийж байна.
Төрийн мөрдөс зүүсэн генерал хүмүүс хэний захиалгаар гарч ирж, хэвлэлийн хурал хийж байна вэ? Энэ бол захиалгатай зүйл. Үүнийг эрүүл саруулаар харж байгаа хүн болгон ойлгоно.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг сайд байх үед нь цагдаагийн нэр бүхий хурандаа нар зохион байгуулалттайгаар огцруулах үйл ажиллагааг одоогоос 13 жилийн өмнө хийж байсныг мартаагүй байхад дөнгөж сая С.Амарсайхан дээр энэ үйлдэл давтагдаж байна. Харамсалтай нь, үүнийг ойлгож, ажиглаж харах ёстой этгээдүүд өөрсдийн хүслээ биелүүлж шийдвэр гаргаж байна.
-Засгийн газар огцруулах асуудлыг оруулж ирсэн гишүүнийг намаас хөөнө гэж МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдсэн. Нөгөө талдаа сөрөг хүчний зүгээс итгэл үзүүлэх асуудлыг оруулна гэж байгаа?
-Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, өнөөдрийн бидний өдөр тутмын амьдрал, бүх зүйлийг зохицуулдаг Үндсэн хуулиас эхлүүлээд бүх хууль дээр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан эсвэл кноп дарсан этгээдийг намаас хөөнө гэсэн зүйл заалт хаана ч байхгүй. МАН-ын дүрэмд ч байхгүй. Тэр битгий хэл Я.Содбаатарын ширээний шүүгээнд ч байхгүй.
Зориудаар ийм зүйл хийж, Э.Учралын Засгийн газрын эсрэг дайснууд бэлтгэх агуулга бэлтгэж байгаа нь харагдаж байгааг манай намын жирийн гишүүд ч ойлгож байгаа.
МАН-ын даргын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлийг хуралдуулж, энэ асуудлыг ярихгүй бол МАН тоглоом биш, хэмжээнээсээ хэтэрч байгааг намын хуучин удирдлагууд хэлж байгаа.
-МАН-ын хэсэг гишүүд яагаад чуулгандаа суухгүй, УИХ-ын үйл ажиллагааг гацаасан бэ?
-Эрх барьж байгаа улс төрийн намын даргаар ажиллаж байгаа Ерөнхий сайд хүн маш олон даалгавар гүйцэтгэнэ. Энэ мэдээж амаргүй. Н.Учрал сайдын хувьд нас залуу ч зүтгэж байгаа, хичээж байгаа. Миний хувьд намын дарга болохоос нь эхлээд Ерөнхий сайд болох бүх процесс дээр нь дэмжсэн. Улс төрийн янз бүрийн зөрчлүүд гарч байна. С.Амарсайхан сайдыг ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлөв. Энэ үнэхээр өөрийнх нь алдаа юм уу, эсвэл зохион байгуулалттай үйл ажиллагаанд ороод, дээрээс удирдлагатай, командтай зүйлд өртөөд ажлаасаа чөлөөлөгдсөн юм уу? Яагаад С.Амарсайхан сайдын өөрчилье гэж зорьсон, бугшсан байгаа олон зүйлд яагаад өөрчлөлт хийсэнгүй вэ? Зохион байгуулалттайгаар энэ хүний өөрийн болон гэр бүлийн нэр хүндэд ямар муухай, хүний ёсноос гадуур хандаж, ажлаас нь огцруулж байгаа юм бэ? Энэ өөрөө улс төр, шударга ёс, зарчим юм уу гэж асуух ёстой.
Л.Энх-Амгалан гэдэг сайд 3.5 тэрбум төгрөгийг “Их Засаг”-т тавиулсан. Жагсаалтын хэдэн онц сурлагатан нөгөө файлыг гаргаж иртэл зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн болсон. Тэр гэмт хэргийг нь олон нийтийн өмнө биш, намын даргын өмнө хийсэн гэмт хэрэг болгоод Ерөнхий сайдыг огцруулах гэж байна гэж үлгэр зохиосон.
-Танай 30-ын бүлгийг тарсан, 10 хүнтэй үлдсэн гэдэг мэдээлэл гарч байна. Тэгсэн юм уу?
-Ийм үлгэр зохиогоод хэдэн бүсгүйчүүдийг дээрэлхэж байгаа үйл явдалтай эвлэрэхгүй. Улстөрчийн хувьд хатуу тэмцэнэ. Яагаад зальтай улстөрчид нь дээшээ яваад, шударга байсан нь хэлмэгдээд, дарамтлуулдаг юм бэ? Тийм зүйл байлгахгүйн тулд энэ асуудлыг нухацтайгаар тавьж байгаа. “Хоёр эмэгтэй гишүүнээс уучлалт гуйвал чуулгандаа орно” гэж байна лээ. Тийм зүйл байхгүй. Энэ хоёр эмэгтэй гишүүнээр дамжуулж, МАН-д байгаа 30 хэмээх бүлэглэлийнхэн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах оролдлого хийсэн гэдэг зүйлийг нийгэмд үлдээх гэж байгаа. МАН-ын гишүүдэд ингэж ойлгуулах гэж буй улс төр. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, энэ асуудлыг ярина. Хариуцлагын асуудлыг сайд дээр ярих ёстой. Яагаад өөрөө хариуцлага алдчихаад Ерөнхий сайдынхаа эсрэг турхирах ажлыг зориуд, зохион байгуулалттай хийгээд байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөнө.
Энэ 30 хүн чинь хамгийн том сонголт дээрээ нэг талдаа гарчихсан хүмүүс. МАН-ын даргыг сонгох сонголт дээр шийдвэрээ гаргачихсан. 1, 2 сонголт дээр тэр хүмүүс чуулгандаа суугаад, саналаа өгөх нь нээлттэй.
Улс төрийн нам нь ч, гишүүн нь ч бойкот хийх эрхтэй. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгогдсон, тойргоос сонгогдсон гэж ялгаварлаж болохгүй.
МАН жагсаалтын нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхдээ судалгаанд үндэслэн нэг ч улстөрчийг багтаагаагүй. Жагсаалтын гишүүн гэж ялгаварлан гадуурхаж огт болохгүй. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд баталдаг. Төсвийг хурдан батална гэхээс илүүтэй нухацтай, суурьтай хандаж байгаа. Нэг, хоёр хоногийн өмнө батлаагүй гэж бухимдах хэрэггүй.
УИХ-ын гишүүнийг тойргийн, жагсаалтын гэж ялгаж байгаа нь буруу. Тойргийн гишүүн давуу эрхтэй, жагсаалтын гишүүн бага эрхтэй гэж болохгүй. Парламентын засаглалтай улсын хөгжил Ерөнхийлөгчийн засаглалаас алгуур байдаг ч баталгаатай.
–Таныг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тэр юу болсон бэ?
-Намайг МАН-ын даргад нэр дэвшчих вий гэдэг зүйл хийгдсэн. Мэдэмхийрч, гэмт хэргийг Төрийн ордонд улс төрийн зорилгоор мэдэгдэл хийж болохгүй. Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “ТӨХК-уудыг төрд зайлшгүй байх ёстойг нь үлдээгээд, бусдыг нь татан буулгах ёстой” гэж ярилцлага өгч байсан. Н.Учралын ЗГ ТӨХК-уудын төсвийг улсын төсөвт нэгтгэж байгаа нь дэвшил. Гэхдээ ТӨХК гэж байх уу, үгүй юү гэдэг асуулт хэвээрээ үлдэж байна.
-МАН дарангуйлал тогтоох гэж байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Тийм зүйл тогтоохгүйн төлөө ажиллаж байгаа. МАН 2 дараалан ялсны дараа “3 дараалан ялбал МАН-тай өрсөлдөх нам байхгүй болох юм байна” гээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үр дүнд нь 126 гишүүнтэй, 5 намтай парламент бүрдсэн.
Өмнө нь МАН, АН ээлжилж 4 жилээр төр бариад байсан. Үүний учир нь ялахаараа төрд очоод шигдчихдэг. Ард түмнээс тасарчихдаг. Тэгээд ялагдчихдаг.
-Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайд болохыг дэмжиж байгаа юу?
-Тэмүүлэнгээ дэмжилгүй яах вэ. Тэмүүлэнг хариуцлагатай сайн ажиллаж чадна гэдэгт итгэж байгаа. Гэхдээ С.Амарсайхан сайдын баримталж байсан зарчмыг хатуу бариад, биднээс улс төрийн хатуу дэмжлэгээ аваад ажиллаасай.
-Бортээгийн ордыг яасан бэ?
-Мэдэхгүй. Г.Занданшатар дарга эргэлтэд оруулчихсан юм биш үү?
