УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.09.23/ Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл болон “Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээ”-ний төслийг зөвшилцөхийг 59,4 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүн Сангийн сайд З.Мэндсайхан “Уг төсөл нь шинэ сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан стратегийн ач холбогдолтой. Зээлийн гэрээ нь Чингис хаан олон улсын нисэх буудлын жил бүр өсөн нэмэгдэж буй зорчигчийн урсгалыг дэмжих, ачаа тээврийн үйл ажиллагааг өргөтгөхөд чиглэж байна. Төсөл Япон улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэй 995 тэрбум ам.долларын санхүүжилттэй, 40 жилийн хугацаатай байх юм. Эхний ээлжид 81,9 метр квадрат талбайд өргөтгөл хийнэ” хэмээн танилцуулсан.
Байнгын хорооны гишүүд Чингис хаан олон улсын нисэх буудлыг барьсан өмнөх зээлийн гэрээний төлөлт, өргөтгөлийн гэрээний эргэн төлөлт, эдийн засгийн тооцооллын талаар асуулт асууж, хариулт авсан бөгөөд зөвшилцсөн санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
