Монголын эдийн засгийн өсөлтийг 5.7% гэсэн таамаглалаа Азийн хөгжлийн банк хэвээр үлдээв


Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцууллаа. Тус банк манай улсын эдийн засгийн өсөлтийг 2026 онд 5.7%, 2027 онд 6% байна гэсэн өмнөх таамаглалаа хэвээр үлдээв.

2027 онд тэтгэврийн багц шинэчлэл, татварын багц шинэчлэл зэрэг шинэчлэл хэрэгжиж эхэлснээр татварын ачаалал буурч, өрхийн хэрэглээгээр дамжин, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх бодлого явуулбал хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой. 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлд үндэслээд, худалдааны борлуулалт, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж буурсан нь дотоод эрэлт суларч байгааг илтгэж байгаа. Энэ нь төсөөллийг нэмэгдүүлэхгүй байх үндэслэл болжээ. 

Инфляцыг өмнө нь 2026 онд 7.8% байна гэж төсөөлснийг 10.7%, 2027 онд 6.8% гэж төсөөлснийг 8.3 хувь болгон өсгөжээ. Үүний шалтгаан нь мах, шатахууны үнэ аж.

Монгол Улсын эдийн засагт учирч болох 4 эрсдэлийг АХБ ингэж тодорхойлжээ. Үүнд:

  1. Шатахууны нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжилж, ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүдэд нэмэлт хохирол учрах эрсдэлтэй. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, инфляцад шууд дамжих эрсдэлтэй.
  2. Махны үнэ өндөр хэвээр байж, инфляц хоёр оронтой тоонд удаан хадгалагдах эрсдэл. АХБ-ны төсөөллөөр үнийн дарамт аажмаар буурна гэж тооцсон ч буурах хурд нь төсөөлснөөс бага байвал мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэх магадлалтай.
  3. Төсвийн тэлэлт. Төсвийн зардлыг 32%-иар нэмэхээр тусгасан. Энэ зардал өрхийн хэрэглээгээр дамжиж, эдийн засагт эергээр нөлөөлөх ч нөгөө талдаа эрэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. 
  4. Уул уурхайн орлогын савлагаа нь Монгол Улсын эдийн засгийн суурь эрсдэл. Гэхдээ тухайлан онцолж буй шалтгаан нь төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспорттой холбоотойгоор төсвийн орлого огцом буурвал Монгол Улсын эдийн засаг эмзэг болно.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *