С.Молор-Эрдэнийг 10-р сарын 30 хүртэл цагдан хорихоор шийдвэрлэв


Философич С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр ТЕГ саатуулан шалгаж байна. Түүнд ТЕГ Эрүүгийн хуулийн 19.9.1-д заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор хандаж, яллагдагч С.Молор-Эрдэнэд цагдан хорих арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн юм. Үүнийг тус шүүх 9 дүгээр сарын 2-нд хянан хэлэлцээд, хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч С.Молор-Эрдэнийг 9 дүгээр сарын 2-ноос цагдан хорьсон юм.

Түүнийг 9 дүгээр сарын 1-ний өдрийн 02:40 цагаас баривчилсан аж. Уг хугацааг түүний яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцсон.

С.Молор-Эрдэнийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, С.Ганхуяг нар уг шийдвэрийг эсэргүүцэн, гомдол гаргасан. Гомдлыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч 2026.08.08-нд хянаад, шүүгч С.Олзодын захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэн, захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон юм. Ингэснээр С.Молор-Эрдэнийг 9 дүгээр сарын 30-нд суллах байв.

Тэгвэл Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026.09.24-нд шийдвэр гаргаж, түүнийг цагдан хорих хугацааг дахин 1 сараар сунгав. Тус шүүхэд нийслэлийн Прокурорын газар ийм санал гаргаж, түүнийг шүүх хүлээн авч, 9 дүгээр сарын 24-нд хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын танилцуулсан 26 хуудас баримт, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 6 хуудас хүсэлт, 8 хуудас баримтыг талуудад танилцуулан, шүүхээр хэлэлцүүлсэн байна. С.Молор-Эрдэнийн хувийн байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа зэргийг үндэслэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 дүгээр хугацааг 2026.09.30-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар сунгажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *