Хуваарийн дагуу бол өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдах учиртай. Гэвч аль намын бүлэг хуралдсангүй. АН-ын бүлэг “Ирц хүрээгүй” гэсэн шалтгаанаар хуралдаагүй бол МАН-ын бүлэг бүр хурлаа ч товлосонгүй. Тус намын олон гишүүн Ерөнхий сайд Н.Учралыг дагалдан Япон руу айлчлалаар явжээ. Түүнээс дутахгүй тооны гишүүн орон нутагт ажиллаж байгаа аж.
Төрийн оронд өнөөдөр ажилдаа ирсэн гишүүд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсголд сууж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас, олгосон байдал зэргийг энэ сонсголоор хөндөж байгаа юм.
Энэ талаар Х.Баасанжаргал гишүүн “Өнгөрсөн долоо хоногт “Гишүүд чуулгандаа суусангүй. Цалин, тэтгэвэр нэмэхэд саад боллоо” гэж иргэдийн бухимдлыг өдөөсөн. Гэтэл бодит байдал дээр тэдний томилолт хойшлох гээд байсан юм биш үү. Япон руу 100 гаруй хүн томилолтоор явж, бүлгийн хурал хойшилж, гишүүдийг орон нутагт ажиллах чиглэл гарчээ. Сайхан тархидуулах юм даа, бүгдээрээ” хэмээжээ.
