Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга асан Л.Билэгдэмбэрэлд холбогдох хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглон, зорчих эрхийг хязгаарлав.
Тэр нягтлан бодогч Б.С-тай бүлэглэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн данснаас 2017-2021 онд ажил үйлчилгээ хийсэн мэтээр олон удаагийн гүйлгээгээр төрсөн охин Э.С, нягтлан бодогч Б.С нарын дансаар дамжуулан 12.7 сая төгрөг шилжүүлэн авчээ.
Л.Билэгдэмбэрэлд ийм хэрэг үйлдэхэд нь тусалсан нягтлан бодогч Б.С-ын нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээр хасан, 1 жил зорчих эрхийг нь хязгаарлажээ.
