УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг 09:00 цагт товлосон ч 10:52 цагт эхлэв. Тус хороо 29 гишүүнтэй Үүнээс 15 нь өнөөдрийн хуралдаа ирлээ.

Засгийн газраас 2026.08.20-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
2 зүйлтэй уг төсөлтэй холбогдуулан асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал хэлэх гишүүн байсангүй. Иймд энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бейсен Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.
