Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг өнөөдөр Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулъя” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдод шүүхийн төсвийн талаар мэдээлэл өгөв. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд 2019 онд 84 мянган хэрэг, маргаан шийдсэн бол 2025 онд 175 мянгад хүрч, шүүхийн ажлын ачаалал 108.8 хувиар буюу 2 дахин өссөн байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 24-нд анхан болон давж заалдах шатны шүүхийн төсвийг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүргүүлсэн 646.5 тэрбум төгрөгийн төсвийн саналыг бүхэлд нь дэмжсэн юм. Гэвч Засгийн газраас уг мөнгийг 312.6 тэрбум төгрөгөөр буюу 48.4 хувиар бууруулж, 333.9 тэрбум төгрөг байхаар 2027 оны төсвийн төсөлд тусгаад байна.

Шүүхийн хөрөнгө оруулалтын зардлыг 248 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн ч 33.1 тэрбум төгрөг болж буурсан. Энэ нь шинээр шүүхийн барилга барих, хуучин барилга засахад шууд нөлөөлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн шүүхийн барилгын ажлууд зогсох, хойшлох эрсдэл үүсжээ.
Өнөөдрийн байдлаар шүүхүүд шаардлага хангахгүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ нь шүүхийн албан хаагчид төдийгүй шүүхийн үйлчилгээ авч буй иргэдэд ч хүндрэл учруулж байна.
