Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр “Биокомбинат” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбасайхан, Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Б.Дуламсүрэн нартай уулзаж, тус компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотооддоо үйлдвэрлэдэг вакциныг нэмэгдүүлэх чиглэл өгөв.
Манай улс шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах зэрэг малын халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг гадаадаас авдаг. Үүнд 2021-2025 онд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс “Биокомбинат” ТӨХХК-д эдгээр вакциныг үйлдвэрлэхээр ажиллаж байна.
Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакциныг дотоодод шинээр үйлдвэрлэх, шүлхийн вакциныг холих, савлах технологи нутагшуулах ажил идэвхтэй өрнөж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг ОХУ, БНХАУ-ын томоохон лабораториудтай хамтран ажиллаж байгаа аж. 11 дүгээр сард багтаан вакцины эхний тунг гаргахаар төлөвлөжээ. Одоогоор туршилтын вакциныг савлан, 10 дугаар сард хээр туршихаар болжээ.
“Биокомбинат” ТӨХХК анх 1923 онд байгуулагдаж, 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар иж бүрэн цогцолбор үйлдвэр болгон шинэчилжээ. Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон тус үйлдвэр 4 алба, 15 цех, 198 ажилтантай. Мал, амьтны вакцин, оношлуур зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд 135 мянган литр шингэн вакцин, 31 сая тун хуурайшуулсан вакцин үйлдвэрлэж байна.
