Иргэн П.Б, Х.Г нарын 8 хүн хамтран, 2023 оны 9 дүгээр сарын 23-24-нд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал олборлохоор зөвшөөрөлгүйгээр 1 тонн 199 килограмм 300 грамм шороо олборложээ. Тэд уг шорооноосоо 72 грамм алт олборлосон аж. Үүнийхээ улмаас байгаль орчинд 13 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Энэ хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Тэд мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутгаас хулгай хийгээд баригдсан аж. Энэ хэрэгт нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт (Хулгайлах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Тус аймгийн шүүх шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.4-8 сая төгрөгөөр торгов. Олборлосон 72 грамм алтыг нь хураан, байгаль орчинд учирсан хохирол 13 сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.7 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
