Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн …. дугаар ангийн захирагч Я.Т 2022.08.18-ны өдөр Б.Д, Д.А,Т.Г нарт хууль бусаар ашигт малтмал хайх боломж олгож, Говийн бага дархан цаазат газарт хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлэх чиглэлийг сургалтын орлогч М.Ц-д өгчээ. Б.Д, Д.А,Т.Г нар Говийн бага дархан цаазат газарт хууль бусаар хайгуул хийж, олборлолт явуулан, байгаль орчинд 2.7 сая төгрөгийн хохирол учруулсан аж.
Энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар, Б.Д, Д.А,Т.Г нарт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх өнгөрсөн 7 хоногт уг хэргийг хэлэлцээд, Хилийн цэргийн …. дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Я.Т, сургалтын орлогч М.Ц нарт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн, тус бүрийг нь 3 жил нийтийн албанд томилогдох эрхгүй болгожээ. Я.Т-д 1 жил 6 сар хорих ял, сургалтын орлогч М.Ц-д 1 жил хорих ял оноолоо.
Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон Б.Д-г 10 сая төгрөг, Д.А, Г.Г нарыг тус бүрийг нь 5.4 сая төгрөгөөр торгожээ. Шүүгдэгч нараас байгаль орчинд учирсан хохирол болох 2.7 сая төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 314 мянган төгрөг төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 257 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
